“Төв чандмань” ДЭХГ-аас 9 хэсгийн 36 усан халаалтын тогоогоор Зуунмод сумын аж ахуй нэгж, айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна. Хүйтний оргил үе эхэлсэнтэй холбогдуулан болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, тухайлсан хэсгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг бууруулах зорилгоор “Төв чандмань” ДЭХГ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон инженер, мэргэжилтэнгүүдээс бүрдсэн баг ээлжийн хуваарь гарган шөнийн цагаар хяналт шалгалт хийж байна. “Төв чандмань” ДЭХГ-ын халаалтын хэсгүүдийн нийт суурилагдсан хүчин чадал 41.66 мвт буюу 35.64 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 20.9 Гкал/цаг дулаан үйлдвэрлэн түгээж байгаа аж. Усан хангамжийн гүний худгийн өргөх станцад 1990 оноос хойш өргөтгөл шинэчлэл хийгдээгүйн улмаас техник, технологийн элэгдэл, хоцрогдолд орсон, мөн халаалтын зарим хэсгүүдэд ч мөн шинэчлэл шаардлага тулгараад байгаа юм.
Иймээс Аймгаас онцгой анхаарал хандуулж цаашид гүний худаг, өргөх станц, нөөцийн сангуудад өргөтгөл, шугам сүлжээ шинэчлэлийн ажлуудыг үе шаттайгаар хийхээр үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусган 2х2000 м3 эзэлхүүнтэй усан сан, усан хангамжийн шугам сүлжээний угсралтын 2398.9 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн Дулааны хангамжийг сайжруулах төслийн хүрээнд БНСУ-ын дэмжлэгтэйгээр 30 Гкал/цаг хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барих ажлын техник эдийн засгийн үндэслэл 2018 онд хийгдсэн бөгөөд энэ 2019 оноос бүтээн байгуулалтын ажил эхлэх юм. Шинээр баригдах Дулааны цахилгаан станцаас хэрэглэгчийн шугам сүлжээ хүртэлх 2-р хэлхээний шугам сүлжээг улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар шинэчлэхээр төлөвлөөд байна. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Зуунмод сумын хэмжээнд дулаан үйлдвэрлэлд тулгамдаад байгаа асуудлууд бүрэн шийдэгдэх юм.