ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ. Эрхэм зорилго: Иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулан баталж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэн, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

Т.Тулгаа : Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад эрх зүйн зохицуулалт хэрэгтэй

2014-11-21


 

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг удирдаж яваа хүний хувьд ямар ямар гол ажлуудыг амжуулж байна вэ?

 

НӨУЁБ нь бий болоод хориод жилийн нүүр үзэж үүний дагуу Дархан хот маань Дархан сум болон ажиллаж байна. Үүнд Үндсэн хуульд заагдсан төр захиргааны анхан шатны нэгжтэй холбоотой орон нутгийн хувьд баг, сум болсон бол мэдээж төвдөө хороо, дүүргийн зохион байгуулалтад шилжсэн. Гэхдээ манай Дархан сумын хувьд 18 багтай, хүн амаараа Монгол улсдаа хоёрт ордог ная гаруй мянган хүн амтай хотын эрх зүйтэй сум. Дархан сумын нутгийн өрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэхийн төлөө үе үеийн Иргэдийн хурлын дарга нар багагүй ажлыг хийж ирсэн. Тэр ажил дээр нь суурилж цааш нь бэхжүүлэхийн төлөө энэ удаа сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгчид анхааран ажиллаж байна.

 

Төрийн анхан шатны нэгж нь баг, багийн удирдах байгууллага нь багийн иргэдийн нийтийн хурал байдаг. Үүнийг зохицуулдаг хууль нь амьдралд хэр нийцдэг вэ?

 

 НӨУЁБ-ыг бэхжүүлэхэд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан чиг үүргийн дагуу бид ажиллаж үүргээ биелүүлэхэд өнөөдөр төдийлэн хангалттай биш юм шиг санагддаг. Нэг талаар хуулиар олгогдсон эрх үүрэг нь эрх мэдлийн хувьд тодорхой хэмжээгээр давуу байгаа юм шиг санагддаг ч бодлого боловсруулах төвшний чиг үүргийн энэ ажил яг хөрсөн дээр бодитоор буухдаа хэрэгжих талдаа тун бага байдаг. Энэ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүүлэхэд тал талын хүчин зүйлүүд нөлөөлж байна гэж үзэж байгаа. Жишээ нь анхан шатандаа багийн иргэдийн нийтийн хурал гэдэг байгууллага байдаг. Өнөөдөр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шууд ардчилал, иргэний оролцоог бий болгосон ажлууд явагдаж байгаа ч гэсэн яг анхан шатан дээрээ засаг захиргааны эрх мэдэл тэр дундаа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаа тогтмолжиж чадаж байна үгүй юу гэвэл эсрэгээрээ. Нэг үгээр хэлбэл багийн иргэдийн нийтийн хурлаас багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн Засаг дарга сонгогддог журамтай явж байгаа.

 

Монгол улсын нийт нутаг дэвсгэрт үйлчилж байгаа энэ хууль бүрэн дүүрэн хэрэгжиж байгаа биз дээ. Сумын ИТХ нь багийн ИНХ-д ямар нөлөө үзүүлж ажилладаг вэ?-

Хурал нь үүргээрээ багийн доторх бодлогыг тодорхойлж өөрийн багийн нутаг дэвсгэр дээрх ажлыг улам бүр эрчимжүүлж байх чиглэлтэй байсан хэдий ч Засаг дарга нь эрх мэдлээрээ иргэдийн нийтийн хуралд төдийлэн ач холбогдол өгөлгүй шууд гүйцэтгэгч маягаар оролцдог болж байр нь солигдчихоод байна. Мөн НӨУЁБ-ын чиг үүргийнхээ дагуу сумын ИТХ нь шууд багийн ИНХ-д шууд л үүрэг өгөөд ажиллах боломжгүй. Тиймээс бид зөвхөн чиглэл өгөөд орон нутгийн төвшинд ч тухайн сумындаа хийж хэрэгжүүлэх төвшний ажлуудыг тодорхой хэмжээгээр харилцан зөвшилцөж мэдээ мэдээллээр хангаж арга зүйгээр материаллаг баазаар туслаж дэмжих талаас нь ажиллахаас биш шууд удирдан зааварлах төвшний чиг үүрэг эрх зүйн хувьд нь байдаггүй. Өнөөдөр багийн ИНХ-ын чадавхийн асуудал нь доголдолтой байна гэж би үзэж  байна. Энэ нь зөвхөн манай сум ч биш Монгол улсын 21 аймгийн бүх сум, нийслэлийн есөн дүүргийн бүх хороодод ямар нэг хэмжээгээр адилхан байгаа гэж боддог

 

Ер нь орон нутагт хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг эхлээд баг дээр яригдаж дээшээ явж батлагддаг болж байгаа. Баг өөрөө биеэ дааж зөв сонголт хийж чадаж байгаа юу? Яг танай сумын хувьд юу хийгдэж байна вэ?

 

Шинэчлэлийн Засгийн газраас төсвийг ард түмний мэдэлд өглөө гэсэн уриа лоозон гаргаж яваад байгаа ч зөвхөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр орон нутагт нь, тухайн багт нь бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалтуудын хэлэлцүүлж байгаа гол санаа нь ард нийтийн саналыг авдаг нь зөв зүйтэй. Нөгөө талаараа ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилтай холбогдуулж Сангийн сайдын баталсан 240 дүгээр журам гэж бий. Энэ журам маань өөрөө бас иргэд орон нутгийн байгууллагуудын хооронд сайн зохицдоггүй. Үүнээс болж гарч байгаа хүндрэл нь гэвэл 2014 оны ажлын саналыг 2013 оны эцсээр иргэдээсээ аваад сумын ИТХ-аар оруулж 2014 оны 3, 4 дүгээр сараас эхлээд худалдан авах, тендер зарлах ажлууд хийгдсэнээр 5, 6 дугаар саруудаас ажлууд нь эхлэж байна. Уг журамд зааснаар 2014 оны ажил хэрэгжиж эхлээгүй байтал 2015 оны ажилд санал аваад эхлэх жишээтэй. Энэ нь өөрөө багийн ИНХ-д хүндрэл нь яаж илэрдэг вэ гэхээр нэг багийн ИНХ дээр ОНХС-гийн хөрөнгөөр хийх ажлыг эрэмбэлээд 5-7 асуудал дээр ч юм уу санал гаргалаа гэж бодоход тэндээс өгч байгаа мөнгөн дүн дээрээ тулгуурлаад 1-2 ажил л эцсийн байдлаар хийж хэрэгжүүлж эхлэж байгаад л иргэд их бухамдалтай ханддаг. Яагаад гэвэл тэдний гаргасан санал ямар нэг байдлаар ажил хэрэг болоогүй, үр дүнгээ өгөөгүй байхад дараагийн саналыг авч байгаа нь зүйд нийцэхгүй байна гэж үзэж байна. Тэхээр энэ журамд эргэж үзэж харах шаардлага байгаа юм байна.


 

 

Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн болохоор орон нутаг төсвөө юунд зарахаа зөв шийдэх шаардлагатай болдог байх. Чухам ямар юманд төсвөө зарцуулж байна вэ?

 

Төсвийн эрх мэдэл орон нутагт шилжсэн гэж ярьдаг болохоор бүх төсөв орон нутагт шилжсэн гэж нийтээр ойлгоод байдаг. Гэтэл тийм биш зөвхөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад л хамаардаг болохоос биш бүх төсөв урьдын адил дээд шатандаа төвлөрсөн хэвээр байгаа. Төсөв гэдэг маань өөрөө их өргөн хүрээтэй ойлголт, нэг үгээр хэлбэл бүх хэлтэс, агентлаг түүний харьяа албад мөн тухайн орон нутгийн дэд бүтэцийн асуудал гээд өргөн хүрээтэй. Тэхээр төсөв маань яг л босоо удирдлагатай хэвээрээ байгаа хэрэг. Байдал ийм байхад Монгол улсын Засгийн газар иргэдэд төсвийн бүх эрх мэдэл ард түмний гарт шилжлээ гэдэг ойлголт өгч байгаа нь өрөөсгөл. Нөгөө талаар НАУЁБ-ын эрх мэдэл хумигдмал хэвээр байгаа төдийгүй багийн ИНХ-ын материаллаг бааз бэхжих яагаа ч үгүй байна. Энэ нь тухайн оны төсөвт санал авч Багийнхаа ИНХ-ын материалдлаг баазыг бэхжүүлье, жилдээ иргэдэд тулгуурласан бодлого шийдвэртээ илүү хүртээмжтэй хэрэгжүүлэхийн тулд ИНХ өөрөө хүчтэй ажиллах ёстой гэдгээр анхаарал тавих ёстой. Ингэхийн тулд ажиллах нөхцөл бололцоогоор нь, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр нь бүрэн хангах хэрэгтэй болж байна.

 

Дархан-Уул аймгийн хувьд тэр дундаа танай Дархан сумын хувьд ИНХ чинь ажиллах нөхцөл бололцоогоор хэр зэрэг хангагдсан бэ?

 

Манай суманд ч мөн ялгаагүй, харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төрийнхээ тамга тэмдэгийг гэртээ хадгалаад явж байгаа багийн ИНХ-ын дарга нар олон байгаа. Ийм байдлуудыг шинээр бий болсон ИНХ-ын дарга нар анхааралдаа авч өмнөх оны төсөвт гэхэд л Дархан сумын ИТХ-аар хэлэлцэж аймгийн Засаг даргад, ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтэст, аймгийн Ерөнхий аудитарт хүргүүлсэн. Яагаад хүргүүлж байгаа юм бэ гэхээр НӨУЁБ бэхжихийн тулд, багийн ИНХ-ын материаллаг баазыг нэмэгдүүлэхийн тулд урьд оныхоо төсөв дээр явуулж байж аймагтаа нэгтгэж явуулснаар Сангийн яаманд очиж эцсийн байдлаар хянагддаг. Гэтэл Сангийн яам нь орон нутгийн төсвийг хаа байсан өнгөрсөн 2013 оных нь төсвийг 2012 оны сүүлд баталсан төсвийнхээ жишгээр ихэнхийг нь хасаад оруулж ирдэг. Жишээ нь сумын ИТХ-ын тэргүүлэгчид бид төлөөлөгчидтэйгээ, багийн ИНХ-тайгаа ажиллах, иргэд рүүгээ чиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг маш их хиймээр байдаг. Тэхэд одоо энд орж ирсэн төсвөөс үзвэл багийн ИНХ-ын материаллаг баазыг бэхжүүлэхээр оруулсан бидний саналыг огт дэмжээгүй хасаж оруулж ирсэн байгаа.-

 

Яагаад хасагдсан гэж. Та бүхэн онцын шаардлагагүй юманд төсвөө хийсэн биш үү? Түүнээс ор тас хасна гэж байх уу?

 

 Дархан сумын ИТХ нэг жилийн хугацаанд сургалт, зөвлөгөөн хийх болон бусад ажлыг хийх төсөв нь ердөө л 130 мянган төгрөг. Ийм байдлуудаас болж НӨУЁБ ажлаа жигд явуулахад доголдол гарч байгаа юм. Бид ийм аргагүй байдлуудаас болж аймгийн ИТХ-д ханддаг ч үр дүнгүй өнгөрдөг. Гэтэл 2014 оныг иргэдийн шууд оролцооны жил гээд л зарлачихсан. Үүнтэй холбоотой ажлуудыг сумын ИТХ-аас хийгээд л байдаг хийгээд байдаг ямар ч үр дүн гардаггүй амьдарлд хэрэгждэггүй. Нөгөө нь багийн ИНХ-ын даргад өрөө ч байдаггүй, ширээ сандал ч байдаггүй болохоор ИНХ-ын дарга нь тамга тэмдэгээ гэртээ аваачихаас өөр аргагүй байдалд ордог. ИНХ-ын дарга нар үргэлж л иргэдтэйгээ уулзахын тулд байнгын ажлын байр байх шаардлагатай. Гэтэл иргэд баг дээр ирээд зөвхөн багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай л уулздаг. Багийн ИНХ-ын даргатай уулзах нөхцөл бололцоо муутай болохоор багийн ИНХ-ын даргын нэр хүнд байр суурь нь муу байдаг.-

 

Ажиллах нөхцөл бололцоо муу байдаг гээд шүүмжлээд суугаад байвал тасралтгүй үргэлжлэх байх. Шийдэх ямарч боломжгүй юм уу?

 

Манай сум энэ сарын 30-нд төсвийн тодотголын хурлаа хийх гэж байгаа тул энэ хуралд асуудлаа дахиад тавинаа. Үүнийг аймгийн ИТХ-д ч, Засаг даргад ч, намын бүлгүүдэд ч бас тавина. Энэ асуудлаа Сангийн яамнаас тухайн оны төсөвт нь шийдэж өгч чадахгүй байгаад, нэг газраа зохицож өгч чадахгүй байгаа нь орон нутагт тохиолддог гол бэрхшээл юм. Дархан сум улсаас ямар нэгэн татаасгүй нөөц бололцоондоо л тулгуурлаж хэдхэн төгрөг хуваарилж өгдөг. Сумын ИТХ-аас гадна Засаг дарга, багийн төвүүд гэдэгт орж байгаа маш бага мөнгөн дүн байдаг. Төрийн чиг үүргийг Засаг дарга нар гүйцэтгэж байгаа. Ер нь багийн Засаг дарга нарын материаллаг бааз ч гэсэн сайн хангагдаагүй. Өнөөдөр багийн ИНХ гэдэг байгууллага, тэдний тэргүүлэгчдийн ажил үйл тогтмолжих боломжгүй хүндрэлүүд нь дээрээсээ байна гэж үзэж байна. Харин доороо дунд шатнаасаа бид хойт хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар л явж байна.

 

 


 

Багийн ИНХ-ын дарга нар цалинтай юу? Хэдий хэмжээний цалин авдаг вэ?

 

Багийн ИНХ-ын дарга нар маань баталгаажих төвшний доод хэмжээний урамшуулал авдаг. Энэ дэндүү жаахан урамшууллаар багийн ИНХ-ын үйл ажиллагааны бүх зардлыг нөхөөд, таван тэргүүлэгчээ мэдээллээр хангаж бичиг цаасны, утасаар ярих, зар тараахаас эхлээд зөндөө зардал гарна. Түүнчлэн баг дээрээ өдөрлөг, тэмдэглэлт үйл явдал зохион байгуулагдах зэрэгт багийн ИНХ-ын дарга нарын оролцоо маш их хэрэгтэй байдаг болохоор тэр болгонд нь цөөхөн хэдэн төгрөг нь татагдаад өөрт нь юу ч үлддэггүй. Манай сумын 18 багийн ИНХ-ын дарга нар маань үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа болохоор л энэ ажилууд хэвийн явагдаж байна.-

 

 Байдал ийм байгаа болохоор цаашид яах ёстой вэ?

 

Ялангуяа санхүү мөнгө, хөрөнгөтэй холбоотой ийм асуудлыг дотоодын нөөц бололцоогоороо, мөн өөрийн чиг үүргийнхээ дагуу багийн ИНХ-ууд маань өөрсдөө санаачлагатай ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Манай сумын багууд уулзалт хэлэлцүүлгээ, ИНХ-аа байраар нь, гудамжаар хийж хэвшиж байна. Цаашдаа багийн ИНХ гэдэг байгууллага маань улс төрөөс ангид байх шаардлагатай. Багийн ИНХ-ын даргыг хэт улс төржүүлэхээр л иргэд аливаа ажил үйлд оролцохдоо улс төрийн байр сууринаас нь хандаад байдаг. Багийн ИНХ-ыг иргэдтэйгээ ажиллахад нь туслахын тулд материаллаг баазыг нь бэхжүүлж өгөх хэрэгтэй. Ер нь НӨУЁБ-ыг бэхжүүлэхийн тулд бүүр дорвитойхон ажил хиймээр байна. Багийн ИНХ-д жил бүр хөрөнгө оруулалт хийгээд байхгүй шүү дээ. Нэг удаа л төрөөс нэг том бодлого гаргаж дэвшүүлээд бүрэн шийдээд өгчихвөл л боллоо. Үнэхээр л иргэдийн оролцооны жил гэж зарлах гээд байгаа юм бол НӨУЁБ-ыг ирэх онд материаллаг баазаар нь санхүүгийн төвшинд нь нэг удаа дэмжээд өгчихвөл цаашдаа ажил нь жигдрээд явах бололцоотой.

 

Зарим аймгууд Нутгийн удирдлагын ордонтой байдаг. Танай сумын хувьд ийм ордонтой болж болохгүй юу?

 

Аль ч аймагт аль нэгэн хэлтэс агентлаг хорь гучин хүнтэй байж байж л хоёр гурван давхар ордон бариад л ордог. Энэ нь ажлынхаа нөхцлийг сайжруулъя, үйлчилгээгээ олон нийтэд түргэн шуурхай хүргэе гэдэг талаасаа давуу ч гэсэн нөгөө талаасаа шүүмжлэлтэй хандмаар байна. Тэд тус тусдаа том газар бариад доод давхартаа түрээсийн байгууллага оруулж дээд давхарт нь өөрсдөө байрладаг. Аймгууд нутгийн удирлагын ордон гэж байгуулж байгаа нь зөв. Энэ ордондоо бүгдийг нь төвлөрүүлснээр иргэд үйлчилгээ авахдаа ч нэг цэгээс авах боломжтой. Зарим нэг чиг үүрэг нь тусдаа байгууллагууд байдаг л даа. Тэд тусдаа байртай байхаас ч аргагүй байдаг байх. Бусдыг нь нэг байранд төвлөрүүлж чадсанаар өнөөдрийн тус тусдаа байруудыг нийгмийн чиг үүрэг бүхий үйл ажиллагаанд ашиглах боломж харагддаг.

 

Үүнд ямар боломж байдаг вэ Та ямар нэгэн тодорхой жишээ хэлж чадах уу?

 

Тухайлбал манай аймагт хүчирхийлэл, гамшигт өртөгсдийг байрлуулах байр байдаггүй. Жишээ нь халамжийн хэлтэс тусдаа байр барьж байсанд орвол ёстой нөгөө халамж шаардсан гэр орон нь шатсан, орох оронгүй болсон хүмүүсийг хүлээн авдаг газар болгосон бол илүү үр дүнтэй болох байсан байх жишээтэй. Тэднийг түр зуур гэр оронтой болтол, нийгмийн асуудлыг нь шийдтэл байлгах боломжтой байсан. Үүнийг орон нутгийн төвшинд шийдэж болох асуудал. Нутгийн удирдлагын ордонг байгуулах юм бол газар нь ч, нөхцөл бололцоо нь бий учраас иргэдийн талархалыг хүлээсэн ажил болно. Ийм ордонтой болчихвол их, бага танхимтай байж байгууллага бүр л өөр өөр газар өөр өөр зааланд хурал зөвлөгөөн хийж байснаас нэг газарт төвлөрөх ач холбогдолтой. Бид зарим нэг аймгуудын нутгийн удирдлагын ордонтой танилцахад нэлээд үр дүнгээ өгч байгаа юм билээ. Төр засгаас баг, сум, аймгийн хурлын байгууллагыг зориг гаргаад дэмжвэл Монголын нутгийн удирдлагын байгууллага түүний гаргаж байгаа бодлого шийдвэр, хэрэгжүүлэхээр зорьж байгаа санал санаачлагыг төр засаг сонсож хүлээж авч бодлого боловсруулахдаа татан оролцуулдаг байвал НӨУЁБ шинэ шатанд гарна гэж үзэж байна. Засгийн газар болон яамдаас гарч байгаа дүрэм журмуудад нутгийн удирдлагын байгуулагын саналыг бас авч тусгаж байгаасай гэж хүсч байна. Ингэснээр шат шатны хурлуудын хэрэгжүүлэх ажил үйл нэлээд сайжирна.

 

 

 

 

 

 

 

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шийдвэр, холбогдох мэдээллийг ямар эх сурвалжаас авдаг вэ?

санал өгсөн: 72
2 / 3%
3 / 4%
43 / 60%
1 / 1%
23 / 32%