Төв аймгийн ууган сургуулийн нэг бол яахын аргагүй Замтын нэгдлийн буюу Баянчандмань сумын сургууль юм. Тус сургууль нь1939 онд Замтын бага сургууль нэртэйгээр 1 анги 13 сурагчтайгаар 2 гэрт сургалтынхаа үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Анхны захирлаар Дорж ажиллаж Лхагважав Цэнджав нар багшилж сурган хүмүүжүүлэх их үйлсээ эхлүүлсэн байна. Уг сургууль 1945-1964 онд 7 жилийн дунд сургууль, 1986-2007 онд 10 жилийн сургууль болж өргөжсөн бол 2009 оноос 12 жилийн сургалттай болжээ. Тус сургууль сурагчдынхаа сурах орчин нөхцөл сургалтынхаа чанарыг сайжруулах зорилгоор Сум аймаг, БСШУЯ болон УИХ-ын гишүүдэд удаа дараа хүсэлт тавьсны эцэст 2008 оны 4 сарын 22-ны 39-р тушаалын дагуу 640 хүүхдийн багтаамжтай орчин үеийн томоохон хэмжээний цогцолбор сургууль баригдаж ашиглалтанд оржээ. Уг хичээлийн байр нь 1 тэрбум 600 сая төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар баригдсан бөгөөд орон нутагт орчин үеийн сурах орчин нөхцөлийг Бүрдүүлж чадсан Монголын 2 хон сургуулийн нэг юм.