ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХОНГОР СУМЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Ардын Хувьсгалт Намын төв хорооны 1959 оны 3 дугаар бүгд хурлаас анхны атрын 4 сангийн аж ахуй байгуулах шийдвэр гаргасны нэг нь Дархан сангийн аж ахуй одоогийн Хонгор сум юм. Улмаар Дархан-Уул аймгийн Хонгор сум нь БНМАУ-ын Ардын Их Хурлын 1965 оны 85 дугаар зарлигаар Сэлэнгэ аймгийн Хонгор сум Дархан сангийн аж ахуй, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 1982 оны 105 дугаар зарлигаар Дархан хотын Хонгор хороо, Монгол улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотын Салхит хороо Хонгор хороог нэгтгэн Дархан–Уул аймгийн Хонгор сум болгохоор шийдвэрлэсэн байна. Газар зүйн байршлын хувьд Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Мандал, Баянгол, Сайхан сумдтай хил залгаа оршиж, Улаанбаатар хотоос 200 км, Дархан-Уул аймгаас 23 км-т, олон улсын авто зам, Замын –Үүд Сүхбаатар чиглэлийн төмөр замын дагуу оршдог, зам харилцаа, дэд бүтэц өндөр хөгжсөн сум юм. Хүн амын хувьд 6400 иргэн, 1600 гаруй өрхтэй, хүн амын 56,5 хувь буюу 3446 нь хөдөлмөрийн насны иргэд, 12,9 хувь буюу тэтгэврийн насны 787 ахмад, 30,7 хувь буюу 1876 нь 0-16 насны хүүхэд тус тус эзэлдэг. Эдийн засгийн идэвхтэй буюу хөдөлмөрийн насны хүн ам 2910 үүнээс 1097 иргэн хөдөлмөр эрхэлж байгаагийн 1900 гаруй нь мал аж ахуйн салбарт, 5 хувь буюу 300 гаруй иргэн хөдөө аж ахуйн салбарт, 180 гаруй хүн төр, төсвийн байгууллагад, 500 гаруй хүн хувийн хэвшлийн салбарт тус тус ажиллаж байна. ХААН, Төрийн банк, Мобиком, Скайтел, Юнител, G.Mobilе-ийн үүрэн телефоны станц суурилагдсан гар утасны болон интернет сүлжээ, цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй, орон нутгийн дулаан хангамжийн болон ус, ариутгах татуургын системтэй орчин үеийн суурин болон хөгжиж байна. Газар нутгийн хувьд 253.3 мянган га нутаг дэвсгэртэй, Дархан-Уул аймгийн газар нутгийн 77,6%-ийг эзэлдэг ба нийт газар нутгийн 11,9 хувь буюу 30 мянган га тариалангийн бүс, 87,0 хувь буюу 189 мянган га талбайг Хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлж байна. Мөн 165 гаруй мянган толгой малтай. Сүүлийн үед өндөр үр ашигтай мах, сүүний чиглэлийн фермерийн үхэр, хонь, гахайн аж ахуйг түлхүү хөгжүүлж, хөрсийг элэгдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах, усалгаатай газар тариалан, эрчимжсэн Мал аж ахуйн үйлдвэрлэл, Газар тариалан Мал аж ахуй хосолсон өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хонгор сум нь анх үүсэж байгуулагдсанаасаа хойш Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар-5, Монгол Улсын гавьяат ажилтан-3, Улсын аварга тариаланч-33, Улсын аварга малчин-8, Алтан төлийн эзэн-6, Аймгийн аварга малчин-14, Сумын аварга малчин-48 иргэн тус тус тодрон гарсны дээр төрийн дээд одон медаль, урлаг спортын зэрэг цолоор 300 гаруй иргэн шагнагдсан байна. Байгаль орчны хувьд Хангай, ойт хээрийн бүст Хараа, Ерөө голын сав газарт далайн төвшнөөс дээш 700-1000 метрт өргөгдсөн, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөл зуны улиралд нэмэх, хасах 38 хэм хүрдэг, жилд дунджаар 256 мм хур тунадас унадаг, нарс, хус, улиас, бургас, хайлаас, монос, нохойн хошуу, тэхийн шээг, яргай зэрэг мод болон бутлаг ургамал элбэгтэй, мойл, гүзээлзгэнэ, улаалзгана, үхэр нүд, мөөг, халиар, ганга, алтан гагнуур, чихэр өвс зэрэг жимс, жимсгэнэ, эмийн ургамлын баялагтай, баавгай, хүдэр, буга, гахай, үнэг, чоно, хярс, хэрэм, солонго, шилүүс, туулай зэрэг ан амьтантай, чулуун нүүрс, барилгын түүхий эд болох шохойн чулуу, хөх ба шар шавар, элс хайрга цемент, шохой, төмрийн хүдэр, алт зэрэг түүхий эдийг сүүлийн 10-15 жилд олон улсын стандартын дагуу олборлох, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж энэ нь орон нутгийг хөгжүүлэх орлого бүрдүүлэхэд зонхилох нөлөө үзүүлж байна. Засаг захиргааны Буурал, Зулзага, Салхит багатай, олон улсын жишигт нийцсэн ерөнхий боловсролын 12 жилийн 2 дунд сургууль, 400 хүүхдийн багтаамж бүхий 2 цэцэрлэг, хэвтэн эмчлүүлэх 15 ор бүхий эрүүл мэндийн төв, 700 хүний суудал бүхий соёл үйлчилгээний 3 төв, газар тариалан, мал аж ахуй, худалдаа үйлчилгээ, нийтийн хоол үйлчилгээний чиглэлийн 70 гаруй аж ахуй нэгж, Улаан баатар төмөр замын Замын 6 дугаар анги зэрэг аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, жилд дунджаар 3 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж 2.7 тэр бум төгрөгийн зарлага гаргадаг, орон нутагт хөрөнгө оруулалтын чиглэлээр 2014-2019 оны хооронд орон нутгийн хөгжлийн сангийн 1.773,7 сая төгрөг, суманд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын 812,2 сая төгрөг, улсын төсвийн болон гадаадын төсөл хөтөлбөрийн 648,8 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Хонгор сум нь Монгол Улсын газар тариалангийн төв бүсэд оршдог, 33 мянган га тариалангийн талбайтай, 160 гаруй мянган толгой малтай, мал аж ахуйн салбарт 517 өрхийн 2000 гаруй иргэн, газар тариалангийн 51 аж ахуй нэгжид 300 гаруй иргэн, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч өрхийн өрхийн аж ахуйд 500 гаруй иргэн тус тус ажиллаж байна. Мал аж ахуйн салбарт 1 тэрбум 280 сая, газар тариалангийн салбарт 10,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сумынхаа хэрэгцээг 100 хувь ханган, төвийн бүсийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Хонгор сум нь Монгол улсын Засгийн газрын тогтоолоор тариалангийн бүс нутаг болсонтой холбогдуулан эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ба Монгол улсын мал сүргийг уугуул орчинд болон генийн төвшинд хадгалах, хамгаалах, сайжруулах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх Малын Удмын сан улсын төсвийн 40,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдан тус сумын нутагт үйл ажиллагаагаа эрхэлж байна. 2020 онд бид сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчин нөхцөлийг сайжруулж, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, нийгмийн оролцоог дэмжин ажиллах зорилт дэвшүүлж “Залуучуудын хөгжлийг дэмжих” жил болгон зарлаж 18 төсөл арга хэмжээг 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж “Манай сум-Миний гэр” иргэн төвтэй зорилтод төслийг эхлүүлээд байна. Төсөл хэрэгжсэнээр сумын төвийн гэр хорооллын хэсгүүдийн гудамж талбай зураг төсвийн дагуу шинэчлэгдэж, гэрэлтүүлэг, камержуулалт, хүүхдийн тоглоомын талбайн ажлууд хийгдэж, ногоон орчин бүхий хороололтой болох юм.