Өвчний шинж тэмдэг:
• Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. Энэ удаагийн дэгдэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд ихэнх тохиолдолд 8-10 хоногийн дотор шинж тэмдэг илэрч байна.
• Гэнэт өндөр халуурч эхлэх ба бие сульдаж, булчин өвдөх, толгой өвдөх, хоолой эмзэглэлтэй болж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч дараа нь бөөлжих, суулгах, тууралт гарах зэрэг шинжүүд нэмэгдэнэ.
• Хүнд болон амь насанд аюултай үедээ цусархаг диатез илэрч, элэгний, бөөрний дутал, Төв мэдрэлийн системийн өөрчлөлт болон олон эрхтэн системийг хамарсан хүндрэлд хүргэнэ.
• Лабораторийн шинжилгээгээр цусны цагаан эс, тромбоцитийн тоо цөөрч, элэгний ферментүүдийн хэмжээ ихэснэ.
Оношилгоо:
• Эбола вирусын өвчний оношийг эцэслэн тавихын өмнө хумхаа, шигеллёз, холер, менингит зэрэг бусад вирусын шалтгаант цочмог өвчнүүдийг үгүйсгэх ёстой.
• Оношийг зориулалтын лабораторийн ийлдэс судлалын болон вирус судлалын шинжилгээгээр эцэслэн баталгаажуулна.
Вакцин ба эмчилгээ:
• Одоогоор уг өвчнөөс сэргийлэх вакцин болон өвөрмөц эмчилгээний арга гараагүй байна.
Хилийн дээс алхаж буй зорчигчдод хүргэх зөвлөмж:
Дэгдэлт бүртгэгдэж буй Африкийн улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байхыг зөвлөж байна.
• Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:
o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхээс зайлсхийх;
o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;
o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;
o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;
o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.
• Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дах (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх хэрэгтэй.
• Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
• Хэрэв Эбола вирусын халдвараар өвчилсөн, эсвэл өвчилсөн байх сэжигтэй (өндөр халуурсан, бөөлжиж суулгасан, тууралт гарсан, цус алдаж буй гм) хүнтэй болон түүний хэрэглэж байсан эд зүйлстэй ойрын хавьталд ороогүй, хүрэлцээгүй, үхсэн амьтдын сэг зэмээр оролдоогүй бол халдвар дэгдсэн бүс нутагт жуулчлалын болон албан ажлын зорилгоор зорчиж ирсэн хүмүүс уг өвчнөөр өвчлөх эрсдэл маш бага хэмээн ДЭМБ үзэж байна.
Бусад нэмэлт мэдээлэл:
• Халдвар өвчтэй хүний биеийн шингэн болон цус, нус, хөлс, нулимс, бөөлжис, өтгөн, шингэн, үрийн шингэн зэргээс гадна эдгээрээр бохирлогдсон гадаргуу, эд юмс дээр хадгалагдан дам хэлбэрээр дамжиж болно. Гэвч ийнхүү эд юмсаар дамжих эрсдэл харьцангуй бага бөгөөд ариун цэврийг сахиж, ариутгалын бодисоор халдваргүйжүүлснээр энэ эрсдлийг бууруулах боломжтой.
• Өнөөгийн байдлаар энэ өвчнийг үүсгэгч вирус өөрийн шинж төрх, халдварлах замаа өөрчилсөн ямар нэг хувирал, өөрчлөлтөд орсныг нотлох баримт хараахан байхгүй байна.
• ДЭМБ-аас уг вирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн гэр бүлийн гишүүд, өвчтөнтэй ойрын хавьталд орсон бусад хүмүүс болон энэ өвчнөөр өвчлөөд нас барсан хүний оршуулгын ёслолд оролцож, бие махбодид хүрэлцсэн хүмүүс болон өвчлөгсдөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнууд энэхүү халдварт өртөх хамгийн өндөр эрсдэлтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР