Төв аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг 2018 оны 12 дугаар сарын 08-нд Аймгийн Засаг даргын 580 тоот захирамжаар байгуулагдаж дугуй, хөнгөн атлетик, цана, ширээнийн теннис, чөлөөт бөх, бокс, байт харваа, волейбол, софт теннис зэрэг спортын 9 төрөлд 9 дасгалжуулагч, 82 тамирчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өсвөрийн шигшээ багийн тамирчид тив, дэлхий, олон улсын тэмцээнээс 63 алт, 37 мөнгө, 72 хүрэл нийт 172 медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 475 алт, 539 мөнгө, 626 хүрэл нийт 1640 медаль, нэрэмжит тэмцээнээс 155 алт, 139 мөнгө, 153 хүрэл нийт 447 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бөгөөд Олимпийн наадмын цанын төрөлд Л.Отгонцэцэг, боксын төрөлд Г.Ган-эрдэнэ нар оролцсон билээ. Мөн Үндэсний шигшээ багт 10 тамирчин, залуучуудын шигшээ багт 18 тамирчин, өсвөрийн шигшээ багт 34 тамирчин дэвшин хичээллэж ОУ-ын хэмжээний мастер 9, Спортын мастер 46, спортын дэд мастер 56, зэрэгтэй тамирчин 312 шинээр төрөн гарсан бахдам амжилтыг үзүүлээд байна.
Шинэ оны босгон дээр аймаг, орон нутгийнхаа нэрийг тив, дэлхий, олон улсад дуурсгаж байгаа өсвөрийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг алдаршуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн нар оролцож нийт тамирчид, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлсэн юм.
2018 оны “Шилдэг тамирчин”-аар: Өсвөрийн сурын харвааны тамирчин Б.Төгөлдөрбат, Цанын спортын мастер Б.Хонгор, дугуйн спортын тамирчин Б.Тамир, шорт трекийн тамирчин О.Одбилэг, өсвөрийн сурын харвааны тамирчин Б.Төгөлдөрбат, хөлбөмбөгийн тамирчин С.Хишигжаргал, чөлөөт бөхийн тамирчин М.Мөнх-эрдэнэ, боксын тамирчин А.Цэгц-Үжин, жудо бөхийн тамирчин Ц.Буянжаргал, ширээний теннисны тамирчин О.Цэнгүүн, хөнгөн атлетикийн тамирчин Б.Дэлгэртөгс, шатрын спортын тамирчин Г.Бат-Эрдэнэ, софт теннисний тамирчин Б.Сүхбат, пауэрлифтингийн спортын дэд мастер Д.Төмөрчөдөр, софт теннисний тамирчин Б.Тулга нар тус тус шалгарсан бол Аймгийн БТСГ-ын ахлах дасгалжуулагч Д.Алтанхуяг “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарлаа. Мөн энэ үеэр өсвөрийн шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулсан юм. Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг спортын 13 төрлөөр 160 тамирчинтай сургалт, дасгалжуулалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд бие бялдарын боловсрол олгох, тэдний дунд зохион байгуулсан ажлаараа “Оны шилдэг сургуулийн өмнөх боловсрол” номинацид:
- Н.Тэгшжаргал эрхлэгчтэй Жаргалант сумын “Талбулаг” цэцэрлэг
- О.Пүрэвдулам эрхлэгчтэй Мөнгөнморьт сумын цэцэрлэг
Ц.Ариунаа эрхлэгчтэй Зуунмод сумын “Хүмүүн” цэцэрлэг шалгарлаа.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээн уралдаанд амжилттай оролцож, сурагчдын дунд нийтийн биеийн тамирын арга хэмжээ, олимпизмыг сурталчилах ажлаараа “Оны шилдэг Ерөнхий боловсролын сургууль” номинацид:
- Л.Эрдэнэцэцэг захиралтай “ Хүмүүн” цогцолбор сургууль
- Ц.Батхүү захиралтай Баянчандмань сумын Ерөнхий боловсролын сургууль
- Л.Идэр захиралтай Жаргалант сумын Ерөний боловсролын сургууль тус тус шалгарлаа.
Ахмад настны бие бялдарыг чийрэгжүүлэх, тэдний дунд зохион байгуулсан ажлаараа В.Сүхбаатар даргатай Жаргалант сумын ахмадын зөвлөл 2018 оны “Шилдэг ахмадын хороо”-оор шалгарсан бол аймгийн хэмжээний уралдаан тэмцээн, иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ, өдөрлөг уулзалт, сорил судалгаанд иргэдийн 50-иас дээш хувийг хамруулсан амжилтаар “Оны шилдэг биеийн тамирын хамтлаг”-аар: Г.Мөнхбадрал даргатай Зуунмод сум, Т.Цолмонгэрэл даргатай Жаргалант сум, Р.Батбаяр даргатай Угтаалцайдам сумд шалгарсан юм. Түүнчлэн 2018 оны “Шилдэг спортын холбоо”-оор С.Гантөр тэргүүнтэй Хөлбөмбөгийн холбоо шалгарлаа.