Төв аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байна. 2018 оны 9 дүгээр сарын 4-нд Япон улсад болсон байгалийн гамшигт манай аймгийн шууд харилцаат Изүмисано хотод их хэмжээний хохирол учирч, Кансай олон улсын Нисэх буудлын үйл ажиллагаа түр хугацаагаар саатсан юм.
Монголчууд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьцгаадаг. Иймд Төв аймгийн төрийн албан хаагчид сэтгэлийн хандив өргөхөөр сэтгэл нэгдэн ажиллаж 10,0 орчим сая төгрөгийн /413 мянган иейний/ хандивийг бүрдүүлж, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Изүмисано хотын дарга Хироясу Чиётацу даргад гардуулан өгөв. Изүмисано хотын дарга энэхүү сэтгэлийн хандивт гүн талархал илэрхийлж, нэн шаардлагатай байгаа газарт нь хүргүүлэхээ мэдэгдлээ.
Хандивын үйл ажиллагаанд нэгдсэн аймгийн Засаг даргын тамгын газар, Хэлтэс агентлагууд, сумдын Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвүүдэд ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчдад талархаж байгаагаа илэрхийлье.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР