Төв аймаг 2018 оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нилээдгүй ажил хийгдэж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа нь тогтмолжиж, үр дүнгээ өгсөөр байна.
Тэгвэл бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үргэлжлэл болж Сэргэлэн сумын нэгдүгээр баг, 4 дүгээр зөрлөгт байгуулагдсан “Фанги фүүдс” ХХК-ний “Хүнсний мөөг тариалах үйлдвэр”-ийн барилгыг ашиглалтад оруулахаар тус компаний 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 18/011 албан хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын 2017 оны А/571 дугаар захирамжаар томилогдсон улсын комисс ажиллалаа. Комиссын дарга, Аймгийн Засаг даргын орлогч Д. Мөнхбаатар, ГХБХБГ-ын БХБ-ын хэлтсийн мэргэжилтэн Б.Болормаа, МХГ-ын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Батхуяг, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ж.Цагаанбаатар, ОБГ-ын ГХУБайцаагч А.Бэх-Очир, Архивын тасгийн дарга П.Дашзэвэг нар тус бүрийн үүрэг чиглэлийн дагуу “Барилгын тухай хууль” болон барилга ашиглалтад оруулах дүрэм, холбогдох норм, стандартын дагуу барилга угсралт болон баримт бичгийн бүрдэлд үзлэг шалгалтыг явуулсан юм.
Уг үйлдвэрийн барилгын ажлыг 2018 оны 6 дугаар сараас эхлэн гүйцэтгэсэн бөгөөд дэлхийн стандартын дагуу хүнсний мөөг тариалах, үйлдвэрлэл явуулах зориулалтаар баригджээ. 20х42 хэмжээтэй, 840 мкв талбай бүхий уг барилга нь мөөг тарьж ургуулах 8 өрөө, ажилчдын, усны нөөцийн, цахилгааны, оффисын өрөөнүүдээс бүрдэнэ. Хүнсний зориулалттай мөөгийг тариалах, ургах таатай нөхцлийг бүрдүүлж, хөрс, агаар, чийгшил, дулаан, манан зэрэг байгалийн хүчин зүйлийг тасалгааны нөхцөлд цогцоор нь шийдвэрлэжээ. Жилийн 4 улиралд ажиллах боломжтой, хоногтоо 1 тонн мөөг хураан авах хүчин чадалтай уг үйлдвэр нь эхний ээлжинд Монголчуудын хүнсэндээ өргөн хэрэглэдэг бор мөөг, хар мөөгийг тариалах бөгөөд цаашид цагаан мөөг, савхан мөөг тариалж, ургацаа эх орны томоохон зоогийн газар, ресторан, худалдааны төвүүдэд худалдан борлуулах юм. Мөөг нь ус болон уургийн агууламж өндөртэй, цусан дахь сахарын хэмжээ, холестерин бууруулах, дархлаа сайжруулах зэрэг эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн аж.
“Хүнсний мөөг тариалах үйлдвэр” нь Сэргэлэн сумын нутагт байгуулагдсан учир ажиллах хүчнээ тухайн орон нутгаас авах сонирхолтой байгаа төдийгүй заавал мэргэжлийн ажилтан байх шаардлагагүй, ажил хийх хүсэл эрмэлзлэлтэй хүнийг ажлын байран дээрээ сургаж, дадлагажуулж ажлын байраар хангана гэдгээ хэлж байлаа.
“Фанги фүүдс” ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Ариунболд: Анх 2 жилийн өмнөөс мөөг тариалж, ургуулж эхэлсэн. Уг ажил маань үр дүнгээ өгсөн учир үйлдвэрийн хэмжээнд тарьж ургуулахаар шийдсэн. 2017 оны Гаалийн Ерөнхий газрын хилээр орж ирж байгаа мөөгний зах зээлийг судалж үзэхэд манай улс дэлхийн 12 орноос 2.5 сая долларын хүнсний мөөгийг экспортолдог төдийгүй үүний дийлэнх буюу 70-аад хувийг БНХАУ-аас оруулж ирдэг юм билээ. Зах зээлийн тодорхой хувийг эзэлж буй мөөгний хэрэгцээг эх орныхоо хөрсөнд ургуулсан чанартай, амттай, шинэхэн мөөгөөр хангах зорилт тавин ажиллаж байна гэдгээ энэ үеэр онцолж байсан юм.