Аймгийн ИТХ-ын тогтоол 2017 оны 02 дугаар тогтоолоор 2018 оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жил” болгон зарласан. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ оныг “Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил” болгосонтой холбогдуулан төрийн албаны чанар хүртээмжийг нэмэгдүүдэх, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, ур чадварыг дээшлүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний томоохон жишээ бол Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн явдал юм. 2018 оны гуравдугаар сард Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс аймгийн хэмжээнд анх удаа Олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж, батламжаа гардаж байсан бол энэ удаа 330 сумаас анх удаа Төв аймгийн Жаргалант сумын ЗДТГ-ын Нийгмийн даатгалын хэлтэс Олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж батламжаа гардан авлаа. Уг стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагын дотоод үйл ажиллагаа сайжирч, албан хаагчдын хариуцлага нэмэгдэх бөгөөд үүнийг дагаад иргэдийн эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.