Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөр, Аймгийн ИТХурлын 2016 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн-Төв аймагчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд хөтөлбөрийн талаарх мэдээлэл хүргэх, илрүүлэг үзлэгийн хувийг нэмэгдүүлэх, ухуулга сурталчилгааны сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Япон улсын Сага их сургуулийн Элэгний төв, Токиогийн “Элэгний өвчтөний холбоо” ТББ, Улаанбаатар ротари клуб, Зуунмод ротари клуб, Нарлаг ротари клуб, FIRE ТББ хамтран “Элэгний хөтөч” бэлтгэх сургалтыг Монгол улсын хэмжээнд анх удаа Төв аймагт зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Засаг даргын орлогч, “Элэг бүтэн-Төв аймагчууд” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Ч. Сарангэрэл, ЭМГ-ын дарга С. Мөнхтуяа, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б. Оюунтуяа, АНЭ-ийн дарга С. Оюунцэцэг, Япон улсын Сага их сургуулийн эмнэлгийн Элэгний төвийн их эмч Др.Иванэ Шинжи, Токиогийн “Элэгний өвчтөний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Ёнэзава Ацүко, Улаанбаатар ротари клубын ерөнхийлөгч А. Мөнхжаргал, Зуунмод Ротари клубын ерөнхийлөгч Ч.Очирбат, FIRE ТББ-ын хөтөлбөр хариуцсан зохицуулагч М. Мөнхнасан нар оролцлоо.
“Элэгний хөтөч” бэлтгэх 1 өдрийн сургалтад 27 сумын нийт 92 төрийн албан хаагч болон иргэд хамрагдсан юм. Сургалтын үр дүнд 27 суманд сертификат бүхий “Элэгний хөтөч” бэлтгэгдэн, ард иргэдэд уг хөтөлбөрийн агуулга, зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, илрүүлэгт хэрхэн хамрагдах, хаана шинжилгээ өгөх, хэрэв халдвартай гарвал эмчилгээнд хэрхэн хамрагдах, халдваргүй тохиолдолд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэнээс иргэнд ойлгомжтой байдлаар мэдээ, мэдээллийг цал алдалгүй үнэн зөв хүргэж, ухуулга сурталчилгаа тогтмол зохион байгуулснаар иргэдийн илрүүлэг шинжилгээ, эмчилгээний хамрагдалт нэмэгдэж, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц сайжрах талаар зохион байгуулагчид онцолж байлаа.
“Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөр, “Элэг бүтэн-Төв аймагчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 2018 онд 15-39 насны 36946 иргэн хамруулахаас 11 сарын 30-ны өдрийн байдлаар 14193 иргэн хамрагдаж, хамрагдалтын хувь 38.42%-тай байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш элэгний В вирусийн халдвартай 2139 иргэн, С вирусийн халдвартай 2348 иргэнийг илрүүлэг шинжилгээгээр илрүүлж, 312 иргэн В вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд, 1316 иргэн С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд тус тус хамрагдсан байна. 15-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан боловч элэгний вирусийн эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаагүй бол яг одоо харьяа сум, өрхийн ЭМТ-д очиж шинжилгээндээ хамрагдах, харин эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй иргэд харьяа Нийгмийн даатгалын хэлтэст очиж даатгалаа төлөн илрүүлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.