Төв аймгийн Эдийн засгийн хөгжлийн гол суурь нь хөдөө аж ахуй, газар тариалан. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих урианы жилийн төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Бэлчээрийн даацад нийцсэн уламжлалт мал аж ахуй, сайжруулсан бэлчээр, таримал тэжээлд түшиглэсэн өндөр ашиг шимт эрчимжсэн аж ахуйг хослуулан хөгжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн боловсруулалтын түвшинг ахиулж тогтвортой хөгжлийг хангана” гэж зорилтоо тодорхойлсон. Нийслэл хотыг хүрээлэн оршдог давуу талаа түшиглэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сүүлийн жилүүдэд Төв аймагт мах сүүний хосолмол ашиг шимт аж ахуй, боловсруулах үйлдвэрүүд тогтвортой хөгжиж байна. Энэ удаа Аймгийн зүүн бүсийн сумдын төдийгүй зүүн аймгуудын малчдын малыг зах зээлийн ханшаар худалдан авч цэвэр, органик, боловсруулсан бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлж, тухайн сумдад тогтвортой ажлын байрыг бий болгон ажиллаж буй Баяндэлгэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Баяндэлгэр хүнс” ХХК, Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ хүнс само” ХХК-ний үйл ажиллагааны талаар сурвалжиллаа.
“Баяндэлгэр хүнс ХХК”-ийн мах эхлэн боловсруулах үйлдвэр нь Монголын анхны жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой үйлдвэр юм. “Баяндэлгэр хүнс” ХХК нь 2016 оноос эхлэн Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүд, “И Март” сүлжээ дэлгүүрийн махны хэрэгцээг хангаж эхэлсэн бөгөөд энэ жилээс дотоодын махны хэрэгцээгээ хангахын тулд мах нөөцлөх боломжтой 150 тонны 3 зоорийг ашиглалтад оруулжээ. Ард иргэдээ чанартай эрүүл хүнсээр хангах тэргүүн зорилттой тус үйлдвэр мөн фермерийн үйл ажиллагааг эрхэлдэг. Тус фермдээ өөрсдөө малаа өсгөн үржүүлж, малчдаас авсан малаа эрүүлжүүлэн, эрүүл чанартай хүнс бэлтгэн нийлүүлдэг аж. “Баяндэлгэр хүнс ХХК” нь хамтран ажилладаг байгууллагын тусгай захиалгаар сард 60-100 бод, 100-200 бог мал нийлүүлдэг аж. Нийт 20 гаруй ажилтантай тус үйлдвэр нь сум, орон нутагтаа тогтвортой ажлын байраар хангаж байна.
“Эрдэнэ хүнс само” ХХК-ний мах боловсруулах үйлдвэр нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий томоохон үйлдвэр юм. 2015 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж, адууны махыг боловсруулан, бэлэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг байсан бол энэ жилээс үхэр, хонины махыг стандартын шаардлага хангасан орчинд боловсруулж байна. “Эрдэнэ хүнс само” ХХК нь хоёр сар тутамд 70-80 мянган хонь, 3 мянган үхрийн махыг боловсруулан өдөртөө 6-7 тонн, жилдээ 500-аад тонн махыг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг аж. Мөн малын гол мах, дайвар бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр худалдан борлуулдаг бөгөөд ясыг нь “Яс боловсруулах үйлдвэр”-т боловсруулдаг аж. Мал, махаа гэрээ хийсэн байнгын мах нийлүүлэгчдээсээ болон зүүн гурван аймгаас авдаг. Тус компани нь Эрдэнэ сумын 78 иргэнийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумын хогийн цэгийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд хяналт тавьж 1 иргэнийг хогийн цэгийн манаачийн ажлын байраар хангаж цалинжуулан ажиллаж байна.