Газар тариалангийн салбар бие даан хөгжиж, атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд ирэх оны газар тариалангийн үйлдвэрлэлийг үнэ цэнийн сүлжээгээр хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Алтан намар зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтад Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал тэргүүтэй аймгийн удирдлагууд болон тариаланчид, ногоочид, иргэд оролцлоо.
Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтдах бодлого, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор аймгийн “Газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн боловсруулж “Үр”, “Уринш бордоо, ургамал хамгаалал”, “Хүнсний ногоо”, “Техник шинэчлэл, боловсон хүчний хангалт”, “Малын тэжээл бэлтгэл, үйлдвэрлэл”, “Жимс жимсгэнэ” дэд хөтөлбөрүүдийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээндээ цаг агаарын хамаарлыг аль болох эрсдэл багатайгаар даван туулж, стратегийн гол бүтээгдэхүүн буудай, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлыг зохих түвшинд тарьж ургуулах, ямар үр хэрэглэж, ямар технологи мөрдөж, ямар техникээр тариалалт, ургац хураалтыг хийх, хөрсний үржил шимийг яаж сайжруулах, шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх талаар аймгийн дэд хөтөлбөрт тодорхой тусгасан бодлого, хөтөлбөрүүдийн талаар ахмад тариаланч, ногоочид, механикжуулагч, эрдэмтэд, гавьяатуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж,тэндээс гаргасан санал санаачилгыг тусган боловсруулж, жил жилийн Аймгийн үндсэн чиглэлд тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Алтан намар зөвлөлдөх уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлсэн үгэндээ: “Бид хийж бүтээсэн ажлаа дүгнэж байх ёстой. Өөрсдийн хэрэглэж байгаа технологийн дэвшил, арга туршлагаас хуваалцаж байнга суралцах хэрэгтэй. Цаашид илүүдэл хомсдол үүсгэхгүйгээр төмс, хүнсний ногоог төлөвлөн тариалах, тарих буудайн нутагшсан үрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, малын тэжээл бэлтгэлийн бааз суурьтай болох, төмс, хүнсний ногооны үр үржүүлгийг бий болгох, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын таагүй жилд анхаарах асуудлууд, ямар технологийн зөвлөмж ашиглан арвин ургац авах зэрэг маш олон асуудлыг шинжлэх ухаанчаар шийдвэрлэх хэрэгтэй байна” гэлээ. Зөвлөлдөх уулзалт ахмад тариаланч, ногоочдын үнэтэй сургамж, зөвлөгөө, нарийн арга туршлага хийгээд шинэ залуу боловсон хүчний хүсэл тэмүүлэл, эрч хүч дунд ажил хэрэгч зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.