Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан бөгөөд аймгийн Засаг дарга санаачлан эхлүүлсэн энэ ажлын хүрээндээ жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, шууд хэрэглэгчдэд нийлүүлэх зорилгоор жилд 5-аас доошгүй удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу 2018 онд “Цагаан сар”, “Хөдөлмөрийн амт”, “Наадам”, “Хичээлийн шинэ жил”, “Төв аймагт үйлдвэрлэв” зэрэг 5 удаагийн үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Энэ удаагийн “Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотын “Мишээл экспо” төвд 3 өдөр, Зуунмод хотын “Солонго цогцолбор”-т 2 өдөр зохион байгуулсан бөгөөд 27 сумын 200 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагууд 150 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож 350 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Солонго цогцолбор”-т зочилж Төв аймагт үйлдвэрлэгдэж буй бараа бүтээгдэхүүнтэй танилцсан юм.
“Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгмлэгийн тэргүүн Д.Дунхорол нар оролцлоо.
Уг үзэсгэлэн худалдааны үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан, аймаг сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа малчин, тариаланч, оёдолчин, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ хөдөлмөр зүтгэлийг үнэлж “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын нэрэмжит шагнал болон Аймгийн ИТХ болон Засаг даргын шагнал, тусгай шагналаар шагнаж урамшуулсан юм.
“Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын нэрэмжит шагналаар:
– Алтанбулаг сумын “Уран утас” хоршоо
– Баянцогт сумын “Гранд Пиглет” ХХК
– Батсүмбэр сумын “Хэлхээ агро” ХХК
Аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр 3, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр 8, ИТХ-ын “Хүндэт жуух”-аар 8, Засаг даргын “Хүндэт жуух”-аар 8 баялаг бүтээгч иргэн шагнууллаа.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч, аж ахуйн нэгж байгууллагуудаа өндөр түвшинд зохион байгуулж, үзэсгэлэн худалдаанд тогтмол идэвхитэй, амжилттай оролцдог сумдаар:
– Борнуур сум
– Зуунмод сум
– Мөнгөнморьт сумд шалгарсан юм.
Мөн жилд 5-аас доошгүй удаа зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог үйлдвэрлэл эрхлэгч иргэдээ дэмжиж тэдний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарт ахиц гаргах, өнгө үзэмжийг нь сайжруулах ,нэр төрлийг нь олшруулах зорилгоор 10 сая төгрөгийн “Эрхийн бичиг”-ийг гардуулан өгсөн юм. Үүнд:
– Баянцагаан сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч н.Алтангэрэл
– Баянчандмань сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Л.Бадамбилэг
– Эрдэнэ сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Д.Мөнгөнцэцэг
– Жаргалант сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч Г.Мягмарсүрэн
Мөн “Төв аймагт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны арга хэмжээний хүрээнд 5 номинацаар шалгаруулалт явуулж шилдгүүийг нэрлэжээ. Үүнд:
– “Экологийн цэвэр бүтээгдэхүүн”-ээр Баян-Өнжүүл сумын 2 дугаар багийн малчин Ж.Алтанхуягийн айраг
– “Хүнсний шилдэг бүтээгдэхүүн”-ээр Жаргалант сумын төмс, хүнсний ногоо
– “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр Заамар сумын “Содон нар трейд” ХХК гутлын үйлдвэрлэлээр
– “Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн”-ээр Зуунмод сумын 6 дугаар багийн иргэн Д.Цогбадрах гэр ахуйн төмөр эдлэлийн үйлдвэрлэлээр
– “Шилдэг хоршоо”-гоор Баянчандмань сумын “Сүүн далай хоршоо” шалгарсан юм.
Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүнээр Дэлгэрхаан, Бүрэн, Цээл сумдын үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж шалгарсан бол тусгай шагналаар Баянцагаан, Бүрэн, Баяндэлгэр сумдын малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тодорлоо.