Монгол Улсын Ерөнхийлөгч
Х.Баттулга Төв аймаг дахь “Могол ноос” компанийн угаах, самнах, ээрмэл
утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж ноос, ноолуур
боловсруулахад тулгамдаж буй асуудлын хүрээнд үйлдвэрийн удирдлага, ажилчидтай ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын дарга З.Энхболд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга Г.Занданшатар нар ирсэн бөгөөд аймгийн Засаг дарга
Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар угтан авч үйлдвэрийн үйл ажиллагаатай
танилцсан.
“Могол ноос” ХХК-ий энэхүү
үйлдвэр нь 1995 оноос эхлэн ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах,
ээрмэл утасны үйлдвэртэй болж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын
үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулснаар энэ үйлдвэр сүүлийн үеийн 110 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй болж, жилд 30-50 мянган ширхэг зөөлөн оёмол үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Мөн 300-350 хүнийг ажлын байраар хангаж, нарийн ноосон утсаар “Могол” брендийн ноосон пальто үйлдвэрлэж байгаа ч үйлдвэрийн хүчин чадал, ажилчдын хичээл зүтгэлээс үл шалтгаалах хэд, хэдэн бэрхшээл энэ салбарт тулгамдаж байгаа талаар тус компанийн Ерөнхий захирал Ч.Эрдэнэбат дурдлаа.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал орон нутгийнхаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцсыг тус үйлдвэрийн хийсэн дүрэмт хувцсаар хангах бодлогыг баримтлан ажиллаж байгаа талаар дурдсан юм.