Олон улсын Ахмадын өдөрт зориулан сумын ИТХ, ЗДТГ болон байгууллага, аж ахуйн нэгжүүд сум, орон нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж баярын хурлын үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Хурлын үеэр Аймгийн ИТХурлын “Хүндэт тэмдэг”-ээр төр захиргааны ахмад ажилтан М.Дуламжав, Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр Д.Цэрэннадмид, “Аймгийн Хөдөлмөрч манлай ахмад” цол, өргөмжлөлөөр Төр захиргааны ахмад ажилтан Д.Товууч, Аймгийн Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр сумын Засаг дарга С.Наранцэцэг, сумын “Хөдөлмөрч манлай ахмад” цол өргөмжлөлөөр ахмад настан Ж.Шаравдорж, Сумын ИТХ-ын “Хүндэт жуух”-аар Л.Хишигпүрэв, С.Баасан, сумын Засаг даргын “Хүндэт жуух”-аар Төрийн захиргааны ахмад ажилтан З.Цэен, Байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч Аюушийн Цэрэнханд нарыг шагнажээ. Мөн ИТХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал “Сүүн цацал өргөх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээ нь хамгийн сайхан цацалтай ээжийг шалгаруулдаг аж.
Мөн ахмадын баярыг угтан шагайн харваа, шатар, даамны тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний тэргүүн байрт Ц.Оюунжаргал ахлагчтай баг, дэд байрт Н.Цэнд-Аюуш ахлагчтай баг, удаах байрт Б.Дашням ахлагчтай баг тус тус шалгарсан байна. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдын дунд “Эмээ өвөөгийн ачлал” сэдэвт захидлын уралдааныг зарласан бөгөөд шилдэг захидлын эзнийг тодруулан, урамшуулжээ. Энэ үеэр Нэг сум-Нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бөгөөд сумын өрхийн үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулсан байна.