Эх орны ирээдүй хойч үеийг мэдлэг боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртанхуун, хүмүүжил төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгон өсгөж хүмүүжүүлэх эрхэм бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэйгээр биелүүлж яваа багш нарын баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГазраас олон арга хэмжээ, үйл явдлуудыг зохион байгуулсны нэг нь өнөөдрийн баярын хурлын үйл ажиллагаа юм. Баярын хуралд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГазрын дарга У.Даваажав болон үе үеийн боловсролын салбарын удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.
Аймгийн ИТХ-ын V хуралдаанаар баталсан “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ын хүрээнд “Хүүхэд бүр цэцэрлэгт”, “Хөгжсөн багшаас чадварлаг сурагч”, “Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр” гэсэн үндсэн 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалтын чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах, хүүхэд бүрийг мэдлэг боловсролтой, хүмүүжил төлөвшилтэй бие хүн болгон сургаж хүмүүжүүлэхэд бодлого зорилтоо чиглүүлэн ажиллаж байна. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 49 цэцэрлэгт 6655 хүүхэд, ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 31 сургуульд 15379 суралцагч, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрт 466 суралцагч суралцах бөгөөд Ерөнхий боловсролын сургуульд 856 багш ажиллах юм.
Боловсролын салбарыг хөгжүүлэн урагшлуулах гол тулгуур хүч нь багш билээ. Иймээс багш нараа сургаж дадлагажуулах, ажлын байранлаа хөгжих нөхцөл боломжоор хангах, тэднийг урамшуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр байна. Тухайлбал: 2017-2018 оны хичээлийн жилд улсын олимпиадад амжилттай оролцох зорилго тавьж, аймгийн хэмжээнд хичээл судлагдахуун бүрээр “Зөвлөх багш нарын баг”-ийг байгуулж ажилласны үр дүнд улсын төрөлжсөн хичээлүүдийн олимпиадаас нийт 8 медалийг хүртсэн амжилтыг гаргасан билээ. Мөн улсын чанартай уралдаан тэмцээд өөрөө болон бэлтгэсэн шавь нь амжилт гаргасан багш сурагчдыг шагнаж урамшуулах болзлыг шинэчлэн боловсруулж, энэ дагуу амжилт гаргасан багш нар, ЭЕШ-д 800 оноо авсан сурагч болон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчдыг нийт 9,4 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
2018 онд Аймгийн хэмжээнд боловсрол соёлын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс одоогийн байдлаар 8 тэрбум 380 гаруй сая төгрөгийн өртөгтэй 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Мөн орон нутгийн хөрөнгөөр 539 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат хэлсэн үгэндээ: Бид ирэх он жилүүдэд боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, сургууль цэцэрлэгийн орчин нөхцлийг сайжруулах, сургалт явуулах таатай орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.
Баярын хурлын үеэр багш хэмээх эрхэм үүргээ нэр төртэйгээр биелүүлж хөгжил дэвшлийн бүхий л шатанд хөтөч болж ирсэн багш нарыг алдаршуулан шагнасан юм.