Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь удаагийн баярын өдрийг угтан Аймгийн ЗДТГ, БСУГ, ГБХЗХГ хамтран Боловсролын байгууллагад 2-4 жил ажиллаж байгаа залуу багш нарын зөвлөгөөнийг зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, БСУГазрын дарга У.Даваажав, ГБХЗХГазрын дарга Д.Бадамцэцэг нар оролцлоо. Энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд 2-4 дэх жилдээ ажиллаж байгаа нийт 121 залуу багш оролцон ажилласан хугацаандаа хуримтлуулсан туршлагаа солилцох, харилцан суралцах зорилго дор нэгдэж байгаа нь энэ юм.
Аймгийн хэмжээнд боловсролын байгууллагад нийт 1051 багш ажиллаж байгаагаас 325 багш буюу 31 хувь нь 30 хүртэлх насны залуу багш нар байгаагаас харвал манай боловсролын салбараас хоёр томоохон зүйлийг харж болох юм. Нэгдүгээрт боловсролын салбарт эрч хүчтэй, шинэлэг сэтгэлгээтэй, хойч үеийн залгамж халаа бэлтгэгдэж буйг, хоёрдугаарт залуу багш нараа чадваржуулах, дадлагажуулахад ихээхэн анхаарах ёстойг харуулж байна. Иймээс энэхүү 2 өдрийн зөвлөгөөнд цэцэрлэг, сургуулийн багш нар “Багшийн хөгжил-Сурах бичиг-Сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэвт бүтээч үйл ажиллагаа, бодит үр дүнд тулгуурласан илтгэл тавьж, цэцэрлэг, бага анги, нийгмийн ухаан, байгалийн ухаан гэсэн 4 ангилал, судлагдахуун тус бүрээр нийт 94 хичээл, хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Аймгийн БСУГазрын дарга У.Даваажав хэлсэн үгэндээ: Өнөөдрийн боловсролын бүх шатны байгууллагад тавигдаж буй шаардлага бол сурагч, эцэг эх, иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн чадвартай, ёс зүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, хариуцлагатай багшийн хөгжлийн асуудал юм. Боловсролын шинэчлэлд багш нарын мэргэжлийн болон нээлттэй ёс зүй, үүрэг хариуцлагын асуудал чухлаар тавигдаж байна. Энэ онд багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм шинэчлэгдэн гарснаар багшийн мэргэжлийн нэр хүндийн баталгаа, ёс зүйн хэм хэмжээг тодорхой тусгагдсаныг багш нар маань уншиж судлан, үйл ажиллагаандаа мөрдөн, хэрэгжүүлэхийг онцолсон юм.