Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Үндэсний цом-2018” 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг Төв аймаг, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээн Төв аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн арга хэмжээ Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, зөвлөлийн гишүүд болон баг тамирчид, нугийн иргэд оролцов.
Аймгийн Засаг даргаас багийн спортыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн 2017 онд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, тус спортоор сонирхон хичээллэж байгаа хүүхэд залуусыг дэмжих зорилгоор орон нутгийн хөрөнгөөр Соёл амралтын хүрээлэнд болон Угтаалцайдам суманд Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг байгуулж ашиглалтад оруулсан бол энэ онд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Олон улсын стандартад нийцсэн, Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бэлтгэлийн баазыг Зуунмод суманд байгуулах ажлыг эхлүүлээд байна.
“Үндэсний цом-2018” 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 16 аймгийн 320 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа бөгөөд тус тэмцээн 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.