Дархан сумын 15 дугаар багийн 1, 2 дугаар хэсгийн голын гудамж дагуу тавигдах 420 метр урт, 3,5 метр өргөнтэй хатуу хучилттай замын засвар шинэчлэлийн ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэллээ. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг замын ажлыг Дархан АЗЗА ТӨХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хуучин асфальтыг хуулах ажил 60 хувьтай явагдаж байна. Дархан сумын 15 дугаар баг 8200 гаруй хүн амтай. Замын ажил хийгдэж байгаа энэ гудамжинд “Медс Топ” өрхийн эмнэлгээс гадна 5 аж ахуй нэгж байгууллага, 20 гаруй айл өрх бий. Гудамжны айл өрх, аж ахуй нэгжүүд 80-150см-ээр хашаагаа хойш нь татаж байж шинээр тавигдах зам стандартын дагуу хийгдэх тул орон нутаг болон гүйцэтгэгч компанийхан иргэдтэй энэ тал дээр урьдчилан харилцан зөвшилцсөн байна. Хур бороо татарч цаг агаарын болон бусад нөлөөлөх хүчин зүйл гарахгүй бол 14 хоногийн хугацаанд ажлыг 100 хувь дуусган хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Багийн иргэдийн өмнө хамгийн их тулгамдан хүлээлт үүсгээд байсан уг ажлыг тус багаас сонгогдсон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Батбаяр, С.Ганзориг, З.Бадрал нар санаачлан аймгийн төсөвт тусгуулсан байна.