
Нээлтийн ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, “Замын битум” ХХК-ний ерөнхий инженер Б.Баясгалан болон бусад албаны хүмүүс, иргэд оролцлоо.
Тус авто замын барилгын ажил 2018-2019 онуудад хэрэгжихээр байсан хэдий ч “Замын битум” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар энэ онд багтаан, хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулж байгааг энэ үеэр онцолсон юм. Тус авто зам нь хөдөлгөөний 2 зурвастай 13м өргөн далан, 7м өргөн зорчих хэсэг, 20см зузаантай цементээр бэхжүүлсэн суурь, 5см зузаан 1 үе асфальтобетон хучлага, 2 талдаа 1.5м өргөн явган хүний зам, 1м өргөн ногоон байгууламж бүхий бүрэн тоноглолтой баригдаж байгаа аж.
Энэ үеэр Аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний автогрейдерийн оператор Д.Баярсайхан, Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр “Замын битум ХХК”-ний жолооч Б.Мандахбаяр, Зуунмод сумын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний даамал Г.Нэргүй, Зуунмод сумын ИТХ-ын “Жуух бичиг”-ээр “Замын битум ХХК”-ний авто замын инженер Э.Хэрлэнбаяр нарыг шагнасан юм.
