Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэх зорилтын хүрээнд “Аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв”-ийг байгуулсан бөгөөд одоогоор төр, хувийн хэвшлийн 20 гаруй байгууллагын 200-аад үйлчилгээг иргэдэд нэг дороос үзүүлж байна. Төрийн бүхий л үйлчилгээ иргэд рүү чиглэсэн байдгийн багагүй хувийг залуучуудыг дэмжих бодлого, үйл ажиллагаа эзэлж байдаг билээ.
Тэгвэл Аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн хамт олны санаачилгаар, Улсын бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр залуу гэр бүлийг дэмжиж “Гэрлэгсдийг бүртгэх ёслол хүндэтгэлийн танхим”-ыг өнөөдөр нээлээ. Гэр бүл бологсдыг бүртгэх уламжлалыг сэргээж, гал голомтоо бадраан, өрх гэр тусгаарлаж буй түүхэн мөчүүдийг амьдралынх нь мартагдашгүй сайхан дурсамж болгон үлдээх, залуу хосын гэрлэх ёслолыг зохион байгуулах ажлын эхлэл болсон тус өргөөний нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Магнайбаяр, НҮХМОНХАлбаны дарга С.Цогбаяр ,Улсын бүртгэлийн газрын дарга Н.Энхбат, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын удирдлагууд оролцсон юм.
Манай улсад 1990-ээд онд жилд 16 мянган иргэн гэр бүлээ батлуулдаг байсан бөгөөд 2009 онд жилд 50 мянган иргэн, 2017 онд жилд 20.470 иргэн гэр бүлээ батлуулсан гэсэн тоон судалгаа байна. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 472 иргэн гэр бүлээ батлуулсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн Зуунмод суманд 59 хос гэрлэлтээ батлуулжээ. “Гэрлэгсдийг бүртгэх ёслол хүндэтгэлийн танхим” үүдээ нээснээр эх орондоо өрх гэрийн тоог нэмж, гал голомтоо бадрааж буй хосууд үйлчлүүлэгчдийн танхимд бус ёслол хүндэтгэлийн танхимд гэрлэлтээ батлуулснаар гэр бүл тогтвортой байх, цаашлаад эцэг эх, эх орон, ард түмэндээ хүндлэгдсэн аз жаргалтай гэр бүлийн үндэс суурь болох талаар энэ үеэр онцолж байлаа.
Нээлтийн үйл ажиллагаатай хамтатган, олон мянган хосуудын түүчээ болгон Д.Гантулга, Б.Алтаншагай нарт “Гэрлэсний гэрчилгээ”-г гардуулан өгөх ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд залуу хосууд маань гэрлэлтийн гэрчилгээн дээр гарын үсгээ зурж, хаан бугуйвч, хатан сүйхийн өмнө хайрын андгай өргөж, тулгандаа галаа асааж, ерөөл билэгдлийн үгийг сонсон албан ёсоор гэр бүл болсон юм.