Эрдэнэсант суманд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Халх даяар алдартай “Бадын бөөрийн шагайн тойром” эдүгээ 413 дахь жилтэйгээ золгож байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн энэхүү тойромд энэ жил Төв, Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор аймаг болон Улаанбаатар хотын 22 багийн 150 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрыг Аймгийн А.Ганхуяг ахлагчтай “Монгол туургатан театр”-ын баг, дэд байрыг Монгол улсын үлэмж дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай “АПУ” ХХК-ны баг, удаах байрыг Монгол улсын хошой мэргэн Р.Ганбат ахлагчтай Эрдэнэсант сумын багууд тус тус эзэлсэн байна.
Хувийн цуваа харвааны төрөлд тэргүүн байрыг Эрдэнэсант сумын харваач, Аймгийн гоц мэргэн Х.Батдорж, дэд байрыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харваач н.Нямхүү, удаах байрыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харваач, Монгол улсын гарамгай мэргэн н.Мөнхзаяа нар эзэлжээ. Шагайн харваа нь хүнийг аливаа зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадварт сургадаг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж байдаг аж.
Халхын их тойрмын үеэр Хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдсан бөгөөд Аймгийн начин Д.Сугар түрүүлж, Д.Цагаанбямба үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт сумын заан Д.Бямба, сумын начин С.Баасандорж нар үлдсэн байна.