Аймгийн Эх, нярайн эрүүл мэндийн төлөө бие, сэтгэлээ зориулан ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн эмч, эмнэлгийн ажилчдын 70 жилийн тэртээх түүх, дурсамж хөвөрсөн баярын үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа болон Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг нар оролцон эмч нарынхаа баярыг хуваалцлаа.
Аймгийн эрүүл мэндийн салбар сүүлийн 20 жилд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний дөрвөн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, өнгөрсөн оноос “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлуулсан юм. Мөн “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” аймгийн хөтөлбөр боловсруулан 85.2 сяа төгрөгийн санхүүжилтээр Аймгийн хэмжээнд 23 мянга гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн эрт элрүүлэг, үзлэг, оношилгоо, 0-5 хүртэлх 10 мянга гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Энэ онд орон нутгийн онцлогт тохирсон сумын эрүүл мэндийн төвийн “Эхийн амрах байрны жишиг удирдамж” боловсруулан, батлуулж мөрдөж эхэлсэн төдийгүй сүүлийн хоёр жилд эх нярайн эндэгдэл гаргалгүй ажилласан бахдам амжилттайгаар 70 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү баярт өдөр Эрүүл мэндийн салбарын түүхийг бичилцсэн ахмад эмч нараа алдаршуулахын хамт тэдний үргэлжлэл болон ажиллаж буй эмч нарыг шагнаж, урамшуулсан юм.
Мөн энэ үеэр ахмад эмч Х.Цэрэнлхамын “Энх мөнхийн хэлхээс” нэртэй Эрүүл мэндийн салбарын 70 жилийн түүхийг өгүүлсэн номын нээлтийн ажиллагаа боллоо.