Төр засгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх хамгийн анхан шатны нэгж нь баг юм. Тиймээс Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, сумын удирдлагуудын зүгээс төр засгийн бодлого шийдвэр, цаг үеийн байдлын талаар болон нутгийн удирдлагын үйл ажиллагааны талаар мэдээлэл иргэдэдээ мэдээлэл хийсэн байна. Мөн өвөлжилтийн бэлтгэлийн талаар, хадлан тэжээл бэлтгэх тухай, малчдын тэтгэвэрийн тухай, тэтгэвэрт гарахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх зэрэг малчдад хэрэгтэй мэдээллийг холбогдох албаны хүмүүс хүргэснээс гадна сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улаан загалмайн нийгэмлэгийн тухай малчдад сурталчилжээ. Малын хулгай болон орон байрны хулгай ихсэж байгаатай холбогдуулан иргэдийг өмч хөрөнгөө гэмт халдлагаас урьдчилан сэргийлэхийг энэ үеэр мөн анхааруулсан байна. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр малчдын зүгээс нүүхдээ бууриа цэвэрлэдэг ардын сайхан уламжлалаа сэргээх, урин дулааны цаг эхэлж аялал зугаалгаар явах иргэд, жуулчдын тоо ихсэж байгаатай холбогдуулан “Хоггүй Галуут баг” уриалгыг гаргасан бөгөөд нутгийн удирдлагууд дэмжин ажиллахаар болжээ. Энэ үеэр нүүдлийн номын сан аялсан бөгөөд, сумын Соёлын төвийн хамт олны урлагийн тоглолт, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан байна.