Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан Нүүдлийн амбулаторийн үзлэг оношилгоог сумдад ажиллуулах замаар алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор Нүүдлийн амбулаторийн үзлэгийг 26 суманд зохион байгуулах шийдвэр гарсан. Тус зорилтын хүрээнд Нүүдлийн амбулаторийн мэргэжлийн эмч нарын баг 4 дүгээр сарын 4-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 16 суманд ажилласан бөгөөд үзлэгт 5649 иргэн хамрагдаж, давхардсан тоогоор 11.970 үзлэг хийгдсэн бол шинжилгээнд 1977 иргэн хамрагдаж, давхардсан тоогоор 10014 шинжилгээ хийгдсэн байна.
I, II, III ээлжийн эмч нарын баг үзлэгээр ажиллах явцдаа ясны хавдартай 1 иргэн, арьсны хоргүй хавдартай 2 иргэн, эрүү нүүрний хоргүй хавдартай 1 иргэн, элэгний хавдартай 11 иргэн, өндгөвчний хавдартай 1 иргэн, умайн хоргүй хавдартай 2 иргэн, умайн хүзүүний хавдартай 1 иргэн, бөөрний хавдартай 1 иргэн, нийт 20 хавдартай иргэнийг тус тус илрүүлсэн байна. Мөн цөсний чулуутай 64 иргэн, цөсний полиптой 7 иргэн, эмэгтэйчүүдийн хагалгаа хийлгах шаардлагатай 13 /эмэгтэй/ иргэн, хэлний хөвч уртасгах шаардлагатай 3 хүүхэд, эвэрхийтэй 3 иргэн, нийт мэс засал хийлгэх шаардлагатай 90 иргэнийг илрүүлжээ. 26 жирэмсэн эхийг жирэмсний онцгой хяналтад авч, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх шаардлагатай 5 жирэмсэн эхийг Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн байна.
Түүнчлэн 2 иргэнийг Арьсны өвчин судлалын үндэсний төв рүү /хавдрын эдийн шинжилгээнд онош тодруулах, загасан хайрстай хүүхдийг хэвтүүлэн эмчлүүлэх/, 1 иргэнийг Улсын Нэгдсэн төв эмнэлэг рүү /13а маягттай/, 3 иргэнийг Халдварт өвчин судлалын Үндэсний төв рүү /элэгний хавдартай, умайн хоргүй хавдар/, 3 иргэнийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү /зүрхний гажигтай жирэмсэн, өндгөвчний уйланхай, умайн хүзүүниЙ уйланхай/, 1 иргэнийг Улсын клиникийн төв эмнэлэг /зүрхний өвчтэй/ буюу Улаанбаатар хот руу III шатлалын эмнэлэг рүү нийт 10 иргэнийг явуулжээ. Бамбайтай 1 иргэн, жирэмсний онцгой хяналтад 13 жирэмсэн эх, Аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрөх шаардлагатай 5 эх, дортын өвчний онош тодруулах 13 иргэнийг Аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү 13а маягтаар илгээсэн байна. Хүнд өвчтэй 65 иргэнийг сумын эмчийн хяналтад оруулж, хэвтрийн 4 иргэнийг гэрт нь очиж үзлэг хийж, зөвлөгөө өгч ажилласан бөгөөд арьсны идээт үрэвсэлтэй 2 иргэн, мэс заслын боолт 9 иргэнд тус тус хийсэн байна.
Мөн “Эрүүл хүүхэд аян”-ны хүрээнд шүд, мэс засал, арьс харшлын урьдчидлан сэргийлэх үзлэгт цэцэрлэгийн насны 1024 хүүхэд, сургуулийн насны 2209 хүүхэд, нийт 3233 хүүхэд хамрагдсан байна.
Энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд “Шастины нэрэмжит Улсын клиникийн III төв эмнэлэг”, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар хамтран 14 нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээг Батсүмбэр суманд зохион байгуулахаар болсон байна.