Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан Монгол дахь Энэтхэг улсын элчин сайдын яамтай хамтран Олон улсын иогийн өдрийг угтан иогийн хөдөлгөөнөөр биеийн эрүүл мэндийг дэмжих, биеийг хоргүйжүүлж залуужуулах эртний уламжлалт аргыг иргэддээ сурталчлах ажлыг зохион байгууллаа.
Олон улсын Иогийн өдрийг манай аймагт тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд уламжлалт “Нарны алхалт”-ын үйл ажиллагаатай хамтатган, иргэдэд иогийн дасгал, хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчилж, дасгалыг хамтдаа хийсэн юм.
Иогийн дасгалыг Монголын Иогчдын холбооны тэргүүн, Иогийн мэргэжлийн багш Д.Гантөгс удирдан явуулсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид идэвхитэй оролцлоо.
2015 оноос эхлэн Нэгдсэн үндэсний байгууллага нь жил бүрийн 6 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын Иогийн өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсонтой холбогдуулан манай улс мөн 2015 онд анхны Олон улсын иогийн өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 4 дэх жилтэйгээ золгож байна.
Иог нь эрүүл амьдралыг дэмжиж, стресс, зовнилыг бууруулах ач холбогдолтой бөгөөд байнга хичээллэснээр өдөр тутмын амьдрал, сэтгэл санааны амгалан тайван байдлыг бий болгодог давуу талтай аж.