Дархан-Уул аймгийн орон нутгийн тахилгат “Дархан Хайрхан”-ы тахилга 2018 оны 06 дугаар 07-ны өдөр боллоо. Уг ёслол хүндэтгэлийг аймгийн ЗДТГ-аас эрхлэн тус аймаг дахь “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм. “Тахилгын ёслолд Дархан-Уул аймаг төдийгүй бусад аймгуудаас сүсэгтэн олон өргөнөөр оролцох бололцоо нөхцөлөөр хангаснаар энэ жилийн тахилга өргөн дэлгэр сайхан боллоо. Тахилгат “Дархан Хайрхан” уул нь Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм.
Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж хайрхнаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш арав дах жилдээ тайж байгаа нь энэ юм” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа. Энэ жилийн хайрхны тахилга болох өдөр их тогтуун налгар сайхан байлаа. Тус сумын хувиараа бизнес эрхэлдэг залуучууд болон энэ суманд төрж өссөн одоо “Оюу Толгой” компанид ажиллаж байгаа хэсэг залуучууд хамтарч тахилгат хайрхны хормойд орших “Их суварга”-ыг шинэчлэн засварлаж орчныг нь тохижуулж мөн эрхиний тоогоор 108 шатыг байгуулах хөрөнгийг гаргаж бүтээн байгуулалтыг өнгөрсөн жил хийжээ.
Тахилгын үеэр уламжлал ёсоор гурван насны морь уралдуулж үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, сур харвааны тэмцээн болжээ. Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог. Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалийн үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.