Манай улс 1952 оны 6 дугаар сарын 1-ний өдөр анх удаа “Хүүхдийн баяр” хэмээн тэмдэглэснээс хойш эдүгээ 66 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд энэ баярт өдрийг орон даяар “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх баярын арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Аймаг, сумын удирдлагууд “Соёл амралтын хүрээлэн”-д хүрэлцэн ирж баярын арга хэмжээг албан ёсоор нээлээ. Нээлтийн үеэр “Дэлхийн самбо бөхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс мөнгөн медаль хүртсэн Хүмүүн цогцолбор сургуулийн 12д ангийн сурагч Д.Номинзул, Улсын төрөлжсөн олимпиадын III даваанаас хос алтан медаль хүртсэн Хүмүүн цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Э.Жаргалсайхан зэрэг улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд амжилт гаргасан төгсөх ангийн шилдэг 9 сурагчид Аймгийн Засаг даргын нэрэмжит “Цом” гардуулах ёслолын үйл ажиллагаа болсон юм.
Нээлтийн үеэр хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмж “Монгол туургатан театр”-ын хамт олон “Зүггүй шөмбөөлэй” хүүхдийн дуулалт жүжиг тоглож “Хүүхдийн парк”-ын үйл ажиллагаа нээгдэж байна. Хүүхдийн баярын арга хэмжээнд зориулж аймгийн албан байгууллаага агенлагуудын зүгээс “Хүүхэд хөлбөмбөг –ирээдүй” хөлбөмбөгийн тэмцээн, “3х3” сагсан бөмбөгийн тэмцээн, “Гар зургийн уралдаан”, Шатар, унадаг дугуй, дуу, бүжгийн уралдаан тэмцээнүүд болон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулагдлаа. Мөн “Солонго цогцолбор”-ын үзвэрийн танхимд 14:00, 16:00 цагуудаас хүүхэлдэйн кино үнэ төлбөргүй үзүүлэх ба Аймгийн музей энэ өдөр бүх хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Түүнчлэн Нийтийн номын сангаас Номын үзэсгэлэн худалдаа, цахим хэрэглээний WiFi цацах, арилжааны банкны үйл ажиллагаа, үүрэн холбооны үйлчилгээ зэргийг “Соёл амралтын хүрээлэн”-д баяраа тэмдэглэж байгаа хүүхэд бүхэн авах боломжтой аж.
Энэ өдрийн онцлох арга хэмжээний нэг нь шинээр мэндэлсэн 8 хүүхэд болон Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 12 хүүхдэд Аймгийн удирдлагууд өөрсдийн биеэр бэлэг гардуулан өглөө. Мөн Зуунмод сумын хэмжээнд 6 дугаар сарын 1-ний өдөр төрсөн 20 гаруй хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бэлэг гардуулсан бол Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мөн бэлэг гардуулсан юм. Аймгийн Засаг даргын Тамгын газраас УИХ-ын дарга М.Энхболдын санаачилсан “Эх нутгийн иргэд” ТББ-тай хамтран Соёл амралтын хүрээлэнд баяраа тэмдэглэж байгаа хүүхдүүддээ зориулан 500 бэлэг гардуулан өглөө.