Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: “Монгол орон газарзүйн хувьд өндөрлөг газар оршдог. Энэ нь цөлжилт идэвхтэй явагдах гол шалтгаан болж байна. Гол мөрөн ширгэж, ган гачиг болохын цагт сая бид ногоон бүс, ой модны ид шидийг ойлгож байна. Цаашид Зуунмод сумын амралт чөлөөт цагийн бүсийн тохижилтын ажлын хүрээнд иргэд, байгууллагынхаа оролцоотойгоор Манзуширын ам хүртэл мод тарьж, ойжуулалт хийж, Зуунмод сумаа цэцэрлэгжүүлэх ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байна” хэмээсэн юм.
Нээлтийн арга хэмжээнд энгэртээ Алдарт эхийн одон гялалзуулсан, сэтгэлдээ дундрашгүй хайр бялхуулсан ээжүүдийг оролцуулсан нь онцлог байсан бөгөөд ээжүүд маань үр хүүхэд төрүүлж өсгөсөн буянаа төр засгаасаа хүртсэн энэ өдрөө дэлхий ээжийгээ баярлуулан мод суулгаж Зуунмод голын тохижилтын ажилд гар бие оролцлоо.
Нутгийн иргэдийн амралт, чөлөөт цагаа тав тухтай, зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан долоон өнгөөр гэрэлтдэг усан оргилуур, мөөгөн хэлбэр бүхий цацардаг хөв цөөрөм бүхий уг бүтээн байгуулалтыг энэ онд үргэлжлүүлэн хийх бөгөөд орон нутгийн төсвөөс 250.0 сая төгрөг төсөвлөгджээ.