Аймгийн музейгээс Олон улсын музейн өдрийг угтан олон талт арга хэмжээг зохион байгуулсан байна. Тухайлбал музейн үйл ажиллагаа, ажлын чиг үүрэг, боловсон хүчний талаарх олон нийтийн үнэлэмжийг дээшлүүлэх, эерэг хандлага бий болгох, аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын оролцоотойгоор олон нийтэд сурталчлан таниулах, хайрлан хамгаалах, соёлын өвийн олон талт судалгааны ажлын талаар танин мэдэхүйн ойлголт өгөх зорилгоор Зуунмод сумын “Монгени V” сургуультай хамтран “Хишиг өдөр” уулзалт, ярилцлага зохион байгуулсан аж. “Монголын соёл урлаг хийгээд музейн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургууль, музейн мэргэжлийн боловсон хүчний хангалт, өнөөгийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд тус сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр музейн тайлбарлагчийн нэг өдрийн ажлыг сурталчлах зорилгоор “Монгени V” сургуулийн 9а ангийн сурагч Г.Тэмүүлээ музейн үзэгчдэд тайлбар хийсэн нь олон хүний сонирхлыг татсан арга хэмжээ болсон байна. Мөн энэ өдрийн хүрээнд музейн ажиллагсадын дунд спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд багийн дүнгээр Ц.Цэрэнчимэд ахлагчтай “Манзушир” баг тэргүүлжээ.
Олон улсын музейн өдрийн онцлох арга хэмжээний нэг нь “Хөгжлийн түүчээ – Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы арга хэмжээнд зориулан “МОНГОЛ АХУЙ” нүүдлийн үзэсгэлэнг Мөнх-Алдарын талбайд дэлгэн үзүүлсэн бөгөөд нийт 130 гаруй зочид төлөөлөгчид, иргэдэд тайлбар хийж үйлчилжээ.