Баянхангай сумын залуус гэр бүлээрээ санаа бодол нэгдэн “Андуудын нөхөрлөл” хэмээх группыг үүсгэн байгуулж үүгээрээ дамжуулан сумандаа спортын тэмцээн уралдаан зохион байгуулж, сайн үйлсийн аян өрнүүлж, үр хүүхдүүд болон сум орон нутагтаа үлгэрлэгч байхыг зорилгоо болгон ажиллаж байна. Одоогоор 26 залуу гэр бүлийн гишүүдийн дунд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сумын гэр бүлүүдийн дунд нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулж, тэмцээний бооцооноос дундын сандаа мөнгөн хуримтлал үүсгэж, түүгээрээ сайн үйлсийн аяныг өрнүүлдэг байна.
Үйл ажиллагааныхаа хүрээнд “Андуудын нөхөрлөл” группээс 5 дахь удаагийн гар бөмбөгийн тэмцээнээ зохион байгуулсан бөгөөд 21 гэр бүлийн залуучууд оролцож Б.Бадрах, Д.Төрбат, Б.Болдбаатар нарын гэр бүлийн гишүүд тэргүүн байрыг эзэлж “Шилжин явах цом”-ын эзэд болж дараа улирлын тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Мөн сумын иргэн Пагмаа нь менингит өвчний улмаас Халдвартын эмнэлгийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд группын хамт олон дундын сангаас сайн үйлсийн аяны хүрээнд 110,000 төгрөгийн мөнгөн тусламжийг өөрсдийн биеэр хүргэн өгсөн байна. Энэ онд сайн үйлсийн идэвхтэн гишүүн бүр хүмүүнлэг үйлстэн байх зорилгын хүрээнд сайн үйлсийн ажлууддаа ихээхэн ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөгөөндөө тусгасан аж.