“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы хүрээнд Баялаг бүтээгчдийн холбоо, Үндэсний хөгжлийн газар, аймгийн ЗДТГ хамтран “Баялаг бүтээгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгууллаа. Чуулганд 100 гаруй баялаг бүтээгч болон аймгийн удирдлагууд, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөл, Зээлийн батлан даалтын сан зэрэг баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай холбоотой төр захиргааны байгууллагуудыг оролцуулсан юм. Энэ үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл, Аж үйлдвэрийн нэгдсэн мэдээллийн систем зэрэг үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьсан бол Баялаг бүтээгчдэд өдөр тутам тулгардаг санхүүгийн хүндрэл түүнийг шийдвэрлэх гарц, бизнесээ өргөжүүлэх шинэ боломж гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Чуулганы үеэр манай аймгийн хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр байдаг давуу талаа түшиглэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, үзэсгэлэн худалдаанд оролцоход нь бодлого, санхүүгээр дэмжих, үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд нь зээлийн уян хатан нөхцлийг бүрдүүлэх, орон нутгийн шударга өрсөлдөөний зарчмыг хадгалж, зах зээлээр хамгаалах зэрэг санал санаачилгыг баялаг бүтээгчдийн төлөөллүүд гаргаж, баялаг бүтээгчдийнхээ хүндрэл бэрхшээлийг сонсож, шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж байгааг оролцогчдын зүгээс сайшаан дэмжиж байсан юм.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал чуулганд хэлсэн үгэндээ: Бид бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг сүлжээ бий болгож чадаагүй байна. Тийм ч учраас үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг уулзуулдаг үзэсгэлэн худалдааны давтамжийг нэмэгдүүлсэн. Үүгээрээ дамжуулан бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс сэргийлж, үйлдвэрлэгч тал хөгжих, хэрэглэгч тал үнийн хөөрөгдлөөс хамгаалагдах боломж бүрдэх талаар юм хэмээн онцоллоо.
