Төрийн албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирын оролцоог нэмэгдүүлэх, хамт олны эвсэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор энд онд спортын Анхдугаар наадмыг зохион байгуулж байна. Спортын анхдугаар наадам нь 3 үе шаттай, нийт 8 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд 3 бүсийн тэмцээнүүд явагдлаа. Тус наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис зэрэг үндсэн төрлөөс гадна үндэсний шагайн харваа, айзамт гименастик, хөл бөмбөг, граунд гольф зэрэг төрлийг багтаасан юм.
Зүүн бүсийн тэмцээн Эрдэнэ суманд зохион байгуулагдан Архуст, Баян, Баянжаргалан, Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ сумдын 192 тамирчин спортын 6-н төрлөөр өрсөрлдөө. Багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Эрдэнэ сум, 2-р байрыг Мөнгөнморьт сум, 3-р байрыг Архуст сумд эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Харин баруун бүсийн тэмцээн Лүн суманд зохион байгуулагдаж Аргалант, Эрдэнэсант, Лүн, Баянхангай, Өндөрширээт зэрэг 5 сумын 136 тамирчид өрсөлдсөнөөс, багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Эрдэнэсант сум, 2-р байрыг Баянхангай сум, 3-р байрыг Өндөрширээт сумд тус тус эзэлсэн байна. Тэгвэл өмнөд бүсийн тэмцээн Баян-Өнжүүл суманд зохион байгуулагдаж Баянцагаан , Баянөнжүүл , Бүрэн , Дэлгэрхаан, Алтанбулаг сумдын 131 тамирчин хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Бүрэн сум, 2-р байрыг Алтанбулаг сум, 3-р байрыг Дэлгэрхаан сумд эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.