Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан Нүүдлийн амбулаторийн үзлэг оношилгоог сумдад ажиллуулж, алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх шийдвэр гарсан.
Тус зорилтын хүрээнд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн баг өнгөрсөн 4 дүгээр сарын 3-12-ны хооронд Алтанбулаг, Өндөрширээт, Эрдэнэсант, Заамар, Лүн сумдад ажиллаж мэс засал хийлгэх шаардлагатай 30 орчим хүн оншлогдоод байсан юм. Аймгийн Засаг даргын зүгээс иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор Лүн сумын харьяат Дэлхийн шилдэг 5 мэс засалчийн нэг, Улсын нэг дүгээр төв эмнэлэгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн эмчид хүсэлт хүргүүлсний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төв, АШУҮИС-ийн дэргэдэх мэс заслын баг, Улсын нэг дүгээр төв эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын төлөөлөл хамтран Лүн суманд Нүүдлийн мэс заслын арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү Нүүдлийн мэс засал нь манай улсад анх удаагаа хийгдэж байгаа бөгөөд Нүүдлийн амбулаторийн эхний ээлжийн үзлэгээр оношлогдсон 5 хүнд дурангийн болон нээлттэй мэс засал амжилттай хийв. Нүүдлийн мэс заслын машин нь бүрэн тоноглогдсоны дээр нарийн мэргэжлийн чадварлаг эмч нараас бүрдсэн баг хамт олон ажиллаж байгаа учир хүнд мэс заслуудыг ч хийх боломжтой аж. Уг арга хэмжээ нь зөвхөн мэс засал хийх бус тухайн бүсийн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг хамруулан, чадваржуулах сургалтыг давхар зохион байгуулж байгаагаараа ихээхэн онцлогтой. Нүүдлийн мэс заслын баг хамт олон дараагийн ээлжинд хойд бүсийн сумдыг хамруулан Жаргалант суманд ажиллах юм.