Засгийн газрын 2017 оны мн/52 дугаар тогтоол, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2018 оны Н/46 дугаар тушаалыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2018 оны А/260 дугаар захирамжийн дагуу энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас батлагдсан хуваарийн дагуу 14 сумдад зохион байгуулсан юм.
Цэрэг татлагаар 867 цэргийн насны иргэд комиссийн үзлэгээр орсоноос өвчнөөр болон ар гэрийн гачигдалаар, гадаад дотоодын их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн болон ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж байгаа оюутан, сурагчид тухайн жилийн цэрэг татлагаас түр чөлөөлөгдөж, эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн иргэнийг Ерөнхий зориулалтын цэргийн анги салбар болон Хилийн цэргийн ангид тэнцүүлж Зэвсэгт хүчний жанжин штабаас ирүүлсэн хяналтын тоог биелүүлэн ажиллажээ. Цэрэгт явах иргэдийн тоо нэмэгдсэн ч ахуйн гэмтлээр үүссэн гэмтэл, мэс заслын хагалгаанд орох өвчтэй иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 26 наснаас дээш мөнгөн төлбөр төлөх боломжтой иргэдийн судалгааг гаргаж, мөнгөн төлбөр төлөх боломжтой 116 иргэдтэй гэрээ байгуулан ажилласнаар орон нутгийн төсөвт 60 гаруй сая төгрөг жилийн эцсийн байдлаар төрийн санд төвлөрөх боломжтой юм.
Энэ үеэр Батлан хамгаалах яамаас өгсөн үүргийн дагуу 5 болон түүнээс дээш хүүхдээ цэргийн албанд он дараалан тэнцүүлэн явуулсан 17 өндөр настнуудад аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөл хадгалуулсан байна.
2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 14 сумаас цэргийн жинхэнэ албанд тэнцсэн татагдагч нарыг үдэн гаргах хүндэтгэлийн арга хэмжээг Зуунмод сумын Мөнх-алдрын талбайд зохион байгуулсан бөгөөд цэргийн албанд татагдсан дайчдадаа цэргийн албаа сайн хаагаад, цэргийн эрдэмд шамдан суралцаж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэхийг албаны хүмүүсийн зүгээс захиж байлаа.