Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай” тогтоол, мөн Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбогдуулан сумын Засаг даргын Тамгын газар энэ оны 1 дүгээр улирлаас эхлэн Угтах үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ. Угтах үйлчилгээний ажилтан нь төрийн үйлчилгээ авах иргэдийн хүсэлтийг тодруулан, түргэн шуурхай, соёлтой үйлчилж, холбогдох албан тушаалтантай холбож өгөх, чиглүүлэх үүрэг бүхий ажилтан байна. Уг үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ажлын цаг ашиглалт нэмэгдэж, хүндрэл бэрхшээл багасаж, иргэд болон албан хаагчид тодорхой мэдээллээр цаг тутам хангагдах эерэг талтай юм.
Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар “Сахилга хариуцлагын үнэлэмжийг дүгнэх” журмыг шинэчлэн баталжээ. Үүний хүрээнд төрийн албан хаагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах үүднээс албан хаагч бүрт “Сахилга хариуцлагын үнэлэмж” гэсэн хувийн хэрэг нээн ажиллаж байгаа бөгөөд энэ нь тухайн албан хаагчийн хийж буй ажлыг бодитой үнэлж дүгнэхэд ихээхэн ач холбогдолтой аж.