Аймгийн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх оновчтой арга замыг хамтран дэвшүүлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил – Сургуулийн өмнөх боловсрол, Төв аймаг 2018” зөвлөгөөнийг Баянчандмань суманд зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав болон 27 сумын цэцэрлэгийн эрхлэгч, багш, тогооч нарын төлөөлөл 80 гаруй албан хаагч ороцлоо. Аймгийн хэмжээнд улсын 42, хувийн хэвшлийн 6, байгууллагын 2 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус цэцэрлэгүүдэд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 81.6%, мэргэжлийн багшийн хангалт 92.6%-тай байна. Аймгийн нутгийн удирдлагын байгууллагаас хүний хөгжлийг хангах асуудлыг онцгойлон анхаарч ажиллаж байгаа бөгөөд боловсролын салбарын тогтвортой хөгжлийн бодлогыг ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх ажлын хүрээнд 4 дэд хөтбөр батлан хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнд:
- Хүүхэд бүр цэцэрлэгт
- Хөгжсөн багшаас чадварлаг сурагч
- Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг сайжруулах
- Хүүхдэд ээлтэй дотуур байр
Энэ 2018 онд боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23.4 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 540 сая төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа юм. Тухайлбал сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг сайжруулах “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өнжүүл, Жаргалант сумдад шинээр цэцэрлэг барих, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүмбэр сумын цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, Борнуур суманд шинээр цэцэрлэг барьж ашиглалтад оруулах юм.