Сүүлийн үед газар эзэмших, өмчлөх гэсэн иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан холбогдох газрын ачаалал ихэсч, иргэдийн дунд нилээдгүй бухимдал, хүлээлт үүсгэж байгаа. Тэгвэл үүнтэй холбогдуулан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас санаачилж, Газрын харилцааны ажилтны өдрийг угтан “Хариуцлагатай газрын харилцаа” сэдэвт газрын багц хуулийг сурталчлах өдөрлөгийг Нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгууллаа. Энэ үеэр нийт 800 гаруй иргэдэд газрын харилцаа, барилгын чиглэлээр мэдээлэл хийж, асуусан асуултад хариулт өгч, тэдний санал хүсэлтийг сонсож зөвлөгөө зөвлөмж өгч үйлчилжээ. Өдөрлөгт Аргалант, Алтанбулаг, Баян, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Борнуур, Баянхангай, Өндөрширээт, Сэргэлэн, Зуунмод, Жаргалант, Лүн, гэсэн нийт 12 сумын газрын даамлууд оролцсон бөгөөд дээрх сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Зуунмод сумын харьяатай 228 иргэний өргөдлийг хүлээн авсан байна. Мөн 250 иргэнд газар өмчлөлийн лавлагаа гаргаж өгч үйлчилсэн бөгөөд энэ үеэр Зуунмод суманд газрын кадастрын үйлчилгээ үзүүлдэг “Төвт үнэлгээ” ХХК, “Төв тэгш хэм” ХХК-иуд үйлчилгээний төлбөрөө 30 хувь хямдруулан 125 иргэний газрын кадастрыг хийж, сумын зорилтод бүлгийн 54 иргэнд үнэ төлбөргүй газрын кадастрын үйлчилгээг үзүүлжээ.