Аймгийн
ИТХ-ын Ажлын албанаас 2014 оны 08 дугаар сард
дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн XI-р хуралдааныг 2014 оны 8-р сарын 12-ны өдөр аймгийн ЗДТГ-ын 116 тоот өрөөнд хуралдууллаа.
Энэ
хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу нийт 7 асуудлыг хэлэлцэж
зохих шийдвэрүүдийг гаргалаа.
1. Аймгийн 2014 оны
төсвийн 2 дугаар улирлын гүйцэтгэл, 2015
оны төсвийн төслийн тухай асуудлыг хэлэлцээд аймгийн 2015 оны төсвийн төслийг
нийтэд нь дэмжиж Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам болон бусад холбогдох
яамдад уламжилахаар 54 тоот тогтоолыг батлан гаргаж төсвийн төслийг холбогдох
яамдаар хянуулж, нэгтгүүлэхэд шаардагдах тооцоо, судалгааг нарийвчлан гаргаж,
ялангуяа төсвийн зарлагад шинээр нэмэгдэж байгаа зарлагын үндэслэл тооцоо, эрх
зүйн акт зэргийг нягтлан бүрдүүлж хянуулан нэгтгүүлэх, аймгийн 2015 оны төсвийн
төслийг холбогдох яамдаар хянуулсан тоо хэмжээнд багтаан нарийвчлан тооцож
орлого нэмэгдүүлэх, зардал хямдруулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид
нийцүүлэн үндэслэлтэйгээр тодорхойлж бэлтгэлийг сайтар хангаж аймгийн ИТХ-ын
хуралдаанаар батлуулах ажлыг зохион байгуулахыг аймгийн Засаг даргад даалгав.
Мөн
хуралдаанаас төсвийн орлогыг сум бүрээр нэр төрлөөр нь биелүүлгэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ, тухайлбал “Орлогын төлөвлөгөө биелүүлэх сарын ажил” гэх мэт тодорхой зорилт дэвшүүлсэн бүтээлч ажлуудыг хэрэгжүүлэх.
Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147, “Монгол улсын 2014 оны төсвийг гүйцэтгэлийн биелэлтийг хангах зарим арга хэмжээний тухай” 209 дүгээр тогтоолуудын холбогдох заалт нэг бүрийг / өр авлага үүсгэхгүйгээр зардал хэмнэх боломжийг дайчлах, урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар бууруулах шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй байгаа орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх, албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх, гадаад албан томилолтын зардлыг бууруулах гэх мэт/ хэрэгжүүлэх, хэрэгжилтийн байдалд сар, улирал бүр дүгнэлт өгч шаардлагатай арга хэмжээ авч байх.
Аймгийн төсөвт энэ онд төлөгдөх усны төлбөр, өнгөрсөн оны дутуу төлөлтийн гүйцэтгэлээс үзэхэд оны сүүлийн хагас жилд/1352.1+936,5-1045,3/ 1243.3 сая төрөг төвлөрүүлэхээр байгаа нь энэ ажилд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатайг харуулж
байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ашигласан усны хэмжээг үнэн зөв гаргаж ногдуулалтыг хийж, хураан барагдуулж байгаа эсэхийг шалгах, хяналт тавих ажлын хэсэг томилон тодорхой график хуваарьтайгаар эрчимтэй ажиллуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр шуурхай авч байх.
Газрын төлбөрийн энэ оны ногдуулалт, өнгөрсөн оны дутуу төлөлтийг хураан барагдуулах ажлыг анхаарлын төвд байлгаж, сар бүрийн гүйцэтгэлийн байдал дүн шинжилгээ хийж, авах арга хэмжээг оновчтой тодорхойлон хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах.
Татварын өр, ялангуяа, өнгөрсөн онд халаалтын хөлс нэмэгдүүлснээс улбаалан үүссэн өрийг энэ оны гуравдугаар улиралд багтаан барагдуулах нөөц боломжийг дайчлан ажиллах.
Засгийн газраас баталсан аргачлалын дагуу сумдын хөгжлийн индексийг үнэн зөвөөр тодорхойлж 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хуваарилах нэг үзүүлэлт болгон хэрэглэхэд бэлэн болгох.
Холбогдох яамдаас хянаж, 2015 оны төсвийн төсөлд тусгагдаад байгаа тоо хэмжээг үндэслэл болгон орлого нэмэгдүүлэх, зардал бууруулах тооцоо судалгааг оролго, зарлагын нэр төрөл бүрээр нарийвчлан хийх.
Судалгаанаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж буй газар /ялангуяа уул уурхайн газар/-ын хэмжээ нэмэгдэх хандлагатай байхад, төлбөр ногдуулж байгаа газрын хэмжээ буурах хандлагатай байгаад шинжилгээ хийж дүгнэлт өгч, түүний дагуу 2015 онд төсөвт оруулахаар тооцоод буй газрын төлбөрийн хэмжээг хянан үзэх.
Зардал бууруулах боломжийг тодорхойлох тооцоо, судалгаа, шинжилгээг зардлын нэр төрөл нэг бүрээр зохих аргачлалын дагуу хийж цаашид хийх ажил, авах арга хэмжээг бодитойгоор тодорхойлж 2015 оны төсвийн төсөлд тусган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхийг аймгийн Засаг даргад даалган хуралдааны
тэмдэглэлээр үүрэг өгөв.
2. Аймгийн Засаг
даргын өргөн мэдүүлсэн аймгийн хэмжээнд 2014 онд ойн цэвэрлэгээгээр бэлтгэх
модны хуваарийг батлуулах тухай асуудлыг хэлэлцээд “ Ойн цэвэрлэгээгээр бэлтгэх
модны тухай ” 56 тоот тогтоолыг батлан гаргав. Аймгийн ойн сангаас ойн цэвэрлэгээний
журмаар 2014 онд бэлтгэх модны хэмжээ хуваарийг тогтоолын хавсралтаар
батлав.
3. Хог хаягдлыг
ангилах, дахин боловсруулах, цуглуулах, тээвэрлэх, устгах журмын төслийн тухай
асуудлыг хэлэлцээд “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин
боловсруулах, эгүүлэн ашиглах, устгах, санхүүжүүлэх журам”-ын төслийг хогийг
цэвэрлэх, цуглуулах, ачиж тээвэрлэх, дахин боловсруулах, ашиглах, устгах эдгээр
үйл ажиллагааг санхүүжүүлэх, журмыг хэрэгжүүлээгүй этгээдэд хариуцлага
хүлээлгэх асуудлыг иж бүрэн, тодорхой тусгасан баримт бичиг байхаар бодож, дор
дурдсан асуудлыг анхааран үзэж дахин боловсруулж өргөн мэдүүлэх.
Холбогдох хуулийн заалтуудыг шууд хуулан журамд тусгах, хооронд нь нэгтгэн ерөнхийлөн тусгах хэлбэрээр биш, хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эгүүлэн ашиглах, устгах, санхүүжүүлэх гэх мэт үйл ажиллагаанд яг ямар ажил хамрагдах, хэн хариуцан, хэрхэн хэрэгжүүлэхийг хууль зөрчихгүйгээр амьдралд нийцүүлэн тусгаж, уг ажлыг хариуцан хийж буй хүн хууль, тогтоомжийн заалт хайх, харах гэж цаг хугацаа алдахгүйгээр журмын заалтуудын дагуу бүхийл үйл ажиллагаагаа явуулах боломжтой байхаар тодорхой тусгаж өгөх.
Аюултай хог хаягдал, барилгын хог хаягдалтай холбоотой асуудлуудыг холбогдох дээд байгууллагаас баталсан журмын /Хог хаягдлын тухай хуулийн 6.1.6, 7.2.1, 7.3.2 дахь заалтууд/ дагуу шийдвэрлэж хэрэгжүүлэхээр журамд оруулах.
Хог хаягдлыг устгах болон цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг /Хог хаягдлын тухай хуулийн 8.3.5, 8.4.2 дахь заалтууд/ хэрхэн явуулахыг журмын төсөлд тусгах.
Хог хаягдлын тухай хууль тогтоомжоор тогтоосон захиргааны үүргийн биелэлтэнд хяналт тавих олон нийтийн байцаагчийг хэрхэн ажиллуулах, ямар үүрэг хариуцлагатай байх, тэднийг хэрхэн урамшуулах зэрэг асуудлыг энэ журамд тусгах.
Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эгүүлэн ашиглах, устгах зэрэг үйл ажиллагааны талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүргийг тодорхой тусгах. /Хог хаягдлын тухай хуулийн 9.1.3, 9.1.4, 9.1.7, 9.2.6, 9.2.8, 9.2.10 зэрэг заалтуудыг онцгой анхаарах/
Журмын төслийн 2.1.3, 2.2.3, 2.4.2, 3.2.1, 3.3.1, 3.3.2 дахь заалтуудыг Хог хаягдлын тухай хуулийн 11.1.2,
12.3, 8.5.5, 13.2, Төсвийн тухай хуулийн 6.3.1, 6.4.6 дахь заалтуудад нийцүүлэх.
Журмын төслийн 3.3.1, 3.3.2 дахь заалтад тусгагдсан мөнгөн урамшууллын асуудлыг хог хаягдлын хураамжаас төсөвт төвлөрч байгаа хөрөнгө, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээтэй харьцуулан үзэж дүгнэлт хийсний үндсэн дээр хэнийг, ямар үзүүлэлтээр, ямар хугацаанд, ямар хэмжээгээр урамшуулах, мөнгөн урамшууллаас өөр эдийн засгийн урамшууллын ямар хэлбэрийг ашиглах гэх мэт асуудлыг Хог хаягдлын тухай хуулийн 19.1.3,
20, 21 дүгээр зүйлүүдийн заалтуудын агуулгад нийцүүлэн, олон талаас нь сайтар бодолцож, орон нутгийн амьдралд тохирохоор тодорхой тусгах.
Журмын төслийн 5.1 дэхь заалтад энэ журмыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг Хог хаягдлын тухай хуулийн 23 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32, 52 дугаар зүйл, бусад холбогдох хууль, тогтоомжийн зохих заалтуудад нийцүүлэн тодорхой тусгаж өгөх.
Журмын төслийг сумдад хүргүүлж Иргэний танхимаар хэлэлцүүлж, иргэдийн саналыг өргөн авч тусгахыг аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах
дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай мэдээлэлийг хэлэлцээд хөдөлмөрийн
аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг
эрчимжүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр
2015-2016 онд хийх ажлын төлөвлөгөөг шинэчлэн гаргаж, түүнд хөтөлбөрийн
6 зорилтод тусгагдсан 32 үйл ажиллагааны чиглэлийг бүрэн тусгаж, хэрэгжүүлэх
ажлыг бүтээлчээр зохион байгуулах.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн сайжруулахын тулд энэ асуудлыг хариуцсан аймаг, сумдын салбар хороодын ажлыг сайжруулан тогтмолжуулж, сумдын салбар хорооны ажил, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг сумынх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж үнэлэлт, дүгнэлт өгүүлэн, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авахуулж ажиллуулах.
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд Аймгийн ажил олгогч эздийн холбоо, Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоо, мэргэжлийн холбоод зэрэг холбогдох төрийн бус байгууллагуудын оролцоог өргөжүүлэх.
Хөдөлмөрийн асуудал хариуцсан орон тооны ажилтангүй сумдад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хариуцах ажилтныг тодорхой болгох, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг аймаг, сумдын төсөвт тусган батлуулж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган тэмдэглэлээр үүрэг өгөв.
5. Хүүхдийн мэдээлэлийн нэгдсэн сангийн шалгуур
үзүүлэлтүүдийн бүрдүүлэлт, ашиглалтын байдлын тухай асуудлыг хэлэлцээд хүүхдийн
мэдээллийн нэгдсэн сангийн шалгуур үзүүлэлтийн бүрдүүлэлтийг зохих заавар,
аргачлалын дагуу үнэн зөв бүрдүүлж бааз үүсгэх ажилд сумдын Засаг дарга, уг
асуудлыг хариуцсан ажилтны үүрэг, хариуцлага, санаачлагыг эрс өндөржүүлж,
мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж ажиллаж чадаагүй хүмүүст зохих хууль
тогтоомжийн дагуу хариуцлага тооцож байх,
Хүүхдийн
мэдээллийн нэгдсэн сангийн үзүүлэлтүүдэд
дүн шинжилгээ хийж хүүхдийн хөгжлийн талаар цаашид баримтлах бодлого, авах арга
хэмжээг тодорхойлоход өргөн ашиглаж ажиллахыг аймгийн Засаг даргад даалган
тэмдэглэлээр үүрэг өгөв.
6. Төв аймаг дахь Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний
албаны үйл ажиллагааны талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Төв аймаг дахь төлөөллийн үйл ажиллагааны тухай ахлах мэргэжилтэн О.Энхбаатарын мэдээллийг хэлэлцээд иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Төв аймаг дахь төлөөлөлийн үйл
ажиллагааг урьдын адил дэмжин ажиллаж тулгамдаж буй шаардлагатай асуудлыг нь
шийдвэрлэх талаар холбогдох дээд байгууллагад нь уламжлан дэмжиж, албаны байр
барих газар олгох, өөрийн унаатай болгох зэрэг асуудлыг тухай бүрт нь судлан,
холбогдох хууль, тогтоомжоор олгогдсон эрх хэмжээндээ шийдвэрлэж ажиллахыг
аймгийн Засаг даргад даалган хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгөв.
7. Эрхэлсэн ажилдаа олон жил идэвхи санаачилга, үр
бүтээлтэй хөдөлмөрлөж хамт олноо тэргүүлж байгаа тэргүүний зарим хүмүүсийг
төрийн дээд цол, одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэн “Төрийн одон медальд уламжлах тухай”
55 тоот тогтоолыг санал нэгтэй батлаж шагналд тодорхойлогдсон хүмүүсийн
материалыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан
бичгээр уламжлав.
Мөн
аймгийн ИТХ-аас 2014 оны 8 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын Хүй Долоон худагт “ Адуучин ” тэмцээнийг
зохион байгуулж тус тэмцээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан оролцов.
УИХ-ын
Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн
хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төсөл
хөтөлбөрийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг
сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-уудын сайн туршлага солилцох,
хамтын ажиллагааг дэмжих төслийн 4-р хүрэх үр дүнгийн хүрээнд Монгол Улсын 330
сум, 21 аймаг, 9 дүүрэг, нийслэлийн нийт 361 ИТХ, 8000 гаруй төлөөлөгчийг
нэгтгэн холбосон интерактив, портал хурал.мон буюу khural.mn цахим
хуудсыг бүтээсэн байна. Аймаг,
дүүрэг, сумдын ИТХ-ууд өөр өөрийн цахим хуудсаа нээх, (цахим хуудастай нь линк
үүсгэж холбох), цахим шуудангийн хаягаа үүсгэх, удирдлагын цахим хуудсандаа
нэвтэрч мэдээ, мэдээлэл нийтлэх, цахим хуудсаа хөгжүүлэх сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг сургалтанд
ажлын албаны ажилтан Б.Баярмагнай хамрагдав. Тус сургалтанд хамрагдсан ажлын
албаны ажилтан нь аймгийнхаа нийт сумдын ИТХ-ын нэг ажилтныг сургах
сургалтыг зохион байгуулах болон
сумдын ИТХ-ын цахим хуудсыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаар бэлтгэгдсэн байна.
Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төсөл
II богд Лувсандамбийдонмэгийн мэндэлсний 290 жилийн ойг тохиолдуулан Монголын
анхны шашин төрийг хослон баригч, Монголын бурханы шашныг үндэслэгч Богд
Жавзандамба хутагтын өргөөний шавыг тавих ёслол болон Майдар эко сити төслийн
албан ёсны нээлт энэ сард зохион байгууулагдаж тус
нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаа аймгийн
Сэргэлэн сумын нутаг, Их Майдар төслийн бүтээн байгуулалтын талбайд болов.
Төв аймгийн хэмжээнд аймгийн болон сумын ИТХ-ын
Тэргүүлэгч, Төлөөлөгчөөр сонгогдсон боловч төрийн албан тушаалыг давхар эрхэлж
хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаа
албан тушаалтнуудын судалгааг гаргаж Авлигатай тэмцэх газар болон аймгийн
Прокурорын газарт тус тус хүргүүлэв.
Аймгийн ИТХ-ын
ажлын алба нь Авлигатай тэмцэх газраас 2014 оны 11 сард Нутгийн захиргааны
байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчээр үнэлэлт дүгнэлт өгч
дүнг олон нийтэд зарлах ажлыг төлөвлөсөнтэй холбогдуулан тус ажлын бэлтгэлийг
хангуулж ажиллах талаар сумдын ИТХ-ын дарга нарт ажлын чиглэл өгч ажиллаа.
Мэдээ бэлтгэсэн: Аймгийн ИТХ-ын
Ажлын албаны мэргэжилтэн Д.Оюунсайхан