Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.Ундармаа, Байгаль орчны улсын ахлах байцаагч Г.Ганбаяр, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн байцаагч Ж.Оюунцэцэг, Эрүүл ахуйн улсын байцаагч С.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн улсын байцаагч Л. Түмэндэмбэрэл, Барилгын хяналтын улсын байцаагч Ц.Батхуяг, Боловсролын улсын байцаагч Ц.Нарантуяа нар Мөнгөнморьт суманд шалгалт хийжээ.
Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр Засаг даргын Тамгын газрын худаг, дунд сургуулийн гал тогоо, “Хориуд -1” болон “Хэрлэн” хүнсний дэлгүүр зэрэг 4 газрыг сонгож шалгасан бөгөөд дунд сургуулийн гал тогоо, “Хэрлэн” хүнсний дэлгүүр, Засаг даргын Тамгын газрын худаг дунд эрсдэлтэй гэж дүгнэлт гарсан бол Хориуд-1 хүнсний дэлгүүр эрсдэл багатай байгууллага хэмээн дүгнэгдсэн байна.
Сумын Эрүүл мэндийн төв, Соёлын төв , Хэрлэн цэцэрлэгүүд шалгалтын үр дүнд бага эрсдэлтэй гэж дүгнүүлсэн бөгөөд Ерөнхий боловсролын сургууль дунд эрсдэлтэй, Сургуулийн дотуур байр их эрсдэлтэй зэрэгт багтаж байгаа тул тус барилгыг шинээр барих шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Байгаль орчны чиглэлээр Мөнгөнморьт сумын үндсэн харьяа болох “Сайхан санаа” ХХКомпани, “Мөнх эвийн хүч” ХХКомпануудыг сонгон шалгасаны үр дүнд эрсдэлийн зэргийг бага гэж дүгнэжээ.
Эм, био бэлдмэлийн хяналтын ахлах байцаагчийн 190301207 тоот актыг үндэслэн Эрүүл мэндийн төвийн эргэлтийн эмийн сангийн 17 нэр төрлийн 25.589.720 төгрөгний үнэ бүхий 290 ширхэг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан эм, тариа, тосон түрхлэг зэргийг Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн гишүүд устгаж тэмдэглэл үйлдэн зургаар баталгаажуулсан байна.