Аймаг, сумын ЗДТГ-аас хамтран энэ сарын 20-22-ны өдрүүдэд бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна.Өнөөдрөөс эхэлж байгаа их цэвэрлэгээнд Дархан сумын 18 баг аж ахуй нэгжүүдээ татан оролцуулж хотын доторх хогийг цэвэрлэж байгаа бол их, дээд, мэргэжлийн сургуулиудын оюутнууд нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж байна. Мөн ХХҮГ-аас ажил хөдөлмөр эрхэлдэггүй 120 иргэнийг түр ажлын байраар ханган уг ажилд хамруулж байгаа аж. Түүнчлэн сар бүр хүнсний талонд хамрагддаг 1200 орчим өрхөөс 400 иргэн нэг өдөр үнэ төлбөргүй ажиллаж хоггүй хотынхоо төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа юм байна. Нийтийн их цэвэрлэгээний үр дүнд өнгөрсөн 3 жилийн хугацаанд 29 нэгдсэн хогийн цэгийг устгалд оруулж газрыг нь тэгшилжээ. Харин одоо 6, 7, 8-р багт ахин шинээр хогийн цэг үүссэн байдалтай байна. Мөн Ширээ нуруунд хэдэн гуу жалга дамнан үүссэн хур хогийн цэгийг цэвэрлэх асуудал хамгийн хүндрэлтэй байгааг сумын удирдлагууд хэлж байна. Их цэвэрлэгээний ажилд иргэн бүрийг идэвхтэй оролцож хоггүй эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалахын зэрэгцээ зөвшөөрөлгүй цэгт хог хаясан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар аж ахуй нэгжийг 3 сая, иргэнийг 300 мянга хүртэлх төгрөгөөр торгодог болсныг мөн анхааруулж байгаа юм.