1923 оны 10-р сарын 19-ний Засгийн газрын 38-р тогтоолоор Халхын дөрвөн аймгийг хаадын нэрээр нэрлэж байсныг өөрчилж уулсын нэрээр нэрлэх болсноор Түшээт хан аймаг нь Богд хан уулын аймаг гэж нэрлэгдэх болсон.
Богд хан уулын аймаг нь Онгийн голоор савлан зүүн талаараа Хэнтий нуруу хүрч, хойт талаараа ЗОУ, өмнөт талаараа Хятад улсын хил тулж Монгол улсын нутгийн бараг дөрөвний нэгийг хамарсан нутагтай байсан.
Богд хан уулын аймаг энэ уудам нутаг дээр 61617 хүн ам, 502776 толгой мал, 21 хошуу, 82 сум, 1227 арван гэрийн захиргаатайгаар зохион байгуулагдаж, Лүн сумын нутагт Өвөр долоод гэдэг газар том, жижиг 7 гэр барьж төвлөжээ. Төв аймгийн анхны даргаар Дархан чин ван Пунцагцэрэн /1923-1924/ сонгогдон ажиллаж байсан.
1933 онд 36 сум, 312 баг, 22328 өрх, 80.5 мян хүн ам, 2391700 толгой малтай байжээ. Төв аймгийн төв /яам/-ыг Улаанбаатар хотноо нүүлгэн төвлөрүүлж, 1942 он хүртэл нийслэл хотод ажиллаж байв.
1934 оны 8-р сарын 1 ний өдрийн аймгийн /яамны/ 11-р хурлын материалд Төв аймгийн сумын нэрсийн жагсаалтанд Дашинчилэн, Сайнцагаан, Дэлгэрцогт, Дэрэн, Мандал, Бүрэгхангай, Цагаандэлгэр, Сайханбаян, Эрдэнэдалай, Цагаан-Овоо зэрэг одоогийн Сэлэнгэ, Булган, Дундговь аймгийн сумдын нэр бичигдсэн байна.
Авдарбаян, Батсүмбэр, Баян, Баяндэлгэр, Баянбараат, Баянзүрх, Баянцагаан, Баян-Өлзийт, Баянцогт, Бүрэн, Бор-Өндөр, Галтбадрах, Говьсүмбэр, Нялга, Мөнгөнморьт, Лүн, Өнжүүл, Өндөрширээт, Сэргэлэн, Угтаалцайдам, Эрдэнэ, Эрдэнэсант гэсэн 22 сумтай үлджээ.
Дэлгэрхаан сум дээрх 1941.12.11 ний өдрийн 81-р тогтоолоор Өвөрхангай аймагт шилжсэн боловч БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1944.03.31 ний өдрийн 19-р тогтоолоор Төв аймагт эргүүлэн шилжүүлжээ.
БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1942 оны 2-р сарын 17-ны өдрийн 17-р тогтоолоор Төв аймгийн төвийг нийслэл Улаанбаатар хотоос нүүлгэн Богд хан уулын өвөр Зуунмодны амны сэрүүн дэнжид төвлөрүүлэхээр шийдвэрлэжээ. Нэг сарын дотор хэдхэн машин, 800 гаруй ердийн хөсгөөр гүйцэтгэсэн их нүүдлээр 1942 оны 3-р сарын 13-ны өдөр ирж хэдэн эсгий гэр барьж одоогийн төв, урьд Манзушир хутагтын зуны өргөө байсан сэрүүн дэнжид ийнхүү суурьшин төвлөрчээ.
1966 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Төв аймгийн төвийг орон нутгийн хот болгон “Зуунмод” гэж нэрлэн анхны даргаар нь С.Дашзэвэгийг сонгожээ.
Төр засгийн хуучин тогтолцоог өөрчилж хотын АДХГЗахиргааг 1992.10.05-нд татан буулгаж Зуунмод хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хотын Засаг даргын тамгын газар болгон өөрчлөн зохион байгуулжээ.
Монгол улсын Их хурлын 2003.01.02-ны өдрийн 01 тоот тогтоолоор Зуунмод хотыг “Төвийн бүсийн тулгуур төв”-өөр баталсан билээ. Одоо тус аймаг 74 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 85340 хүн амтай. Засаг захиргааны хувьд 27 сум, 97 баг, 24672 өрхтэй. Аймагт 1 км квадрат нутагт 0.8 хүн ногдож байна.
Төв аймгийн даргаар ажиллаж байсан хүмүүс
1. Дархан чин ван Пунцагдорж 1923-1924
2. Нагнаадоржийн Санжаажамц 1924-1932
3. Годонгийн Шагдар 1932-1934
4. Жадамбын Цэрэннадмид 1935-1938
5. Дольсүрэнгийн Өлзийт 1938-1940
6. Сономпилын Бямбаа 1940-1942
7. Пунцагийн Лувсангомбо 1942-1944
8. Цэвээний Гомбосүрэн 1944-1945
9. Чимэдбалжирын Адъяа 1945-1946
10. Цагааны Ёндонжамц 1946-1947
11. Сэдэдийн Түвдэн 1947-1951
12. Зандраагийн Жамъяандампил 1951-1952
13. Жүгдэрийн Чойдог 1952-1954
14. Янживын Бадамжав 1954-1959
15. Цэнджавын Жамсран 1959-1974
16. Човдоронгийн Дашдэмбэрэл 1974-1985
17. Жамбын Гомбожав 1985-1991
18. Сандагийн Гончиг 1991-1996
19. Пүрэвдоржийн Цэрэн /үүрэг гүйцэтгэгчээр/ 1996-1997
20. Цэгмэдийн Батболд 1997-2000
21. Мондооны Мэндбилэг 2000-2004
22. Цэдэвдоржийн Энхбат 2004-2012
23. Доржийн Баярбат 2012 оноос одоог хүртэл