Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид шууд харилцаат Япон улсын Осака мужийн Изюмисано хотод албан томилолтоор ажиллалаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шинэ нисэх буудлын ашиглалтын өмнөх Захиргааны дарга Д.Мөнхцог, орон нутгийн удирдлагыг төлөөлж Бүрэн сумын Засаг дарга Р.Очирбат нар ажилласан бөгөөд төлөөлөгчид Изюмисано хотын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцсон юм. Энэ үеэр Изюмисано хот болон Төв аймаг хоёр өөрсдийн нутаг дэвсгэр дээр Олон улсын Нисэх буудал байрлаж үйл ажиллагаа явуулдаг ижил төстэй талаа түшиглэж, хамтын ажиллагааг явуулахаар “Санамж бичиг”-т тусгагдсаны дагуу манай төлөөлөгчид тус хотын нутаг дэвсгэр дээр байрладаг олон улсын “Кансай” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцсан байна.
Төлөөлөгчид Монгол улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул Д.Дэлгэрцогттой уулзаж Изюмисано хоттой хамтран ажиллаж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, мөн Изюмисано хотын дарга Хироясу Чиёмацутай хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. Энэ үеэр манай аймгаас Изюмисано хотод Олон улсын нисэх буудал, зочид буудал, Хөдөө аж ахуйн салбарт дадлагажигч ажилчин ажиллуулах тухай ярилцан тохирсон бөгөөд Япон улсад дадлагажигч ажиллуулснаар өөрийн ажиллах салбар чиглэлээр шинэ дэвшилтэт арга ажиллагаанд дадлагажих, өндөр хөгжилтэй оронд ашиглагддаг техник технологитой ажиллах, цаг баримтлах, нягт нямбай хариуцлагатай байх зэрэг япончуудын олон давуу талаас суралцаж, ажил мэргэжилдээ мэргэшсэн, зан харьцааны тал дээр зөв төлөвшсөн, боловсон хүчин болон бэлтгэгдэж орон нутагтаа ажиллахад албан томилолтын гол ач холбогдол оршиж байгаа юм.
Түүнчлэн Аймгийн удирдлагууд шууд харилцаатай ажилладаг Япон улсын Тоттори муж, Изюмисано хотод дадлагажигч ажилтан ажиллуулах саналыг тогтмол тавьснаар Тоттори муж, Изюмисано хотын удирдлагууд манай тавьж буй саналыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд цаашид энэ ажлыг улам өргөжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.