Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Эрүүл мэндийн газар хамтран өнөөдөр Аймгийн хэмжээнд “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийг хийлээ. Манай аймаг “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр 2017 онд “Элэг бүтэн-Монгол” өдөрлөгийг ЭМЯ, төрөлжсөн нарийн мэргэжлийн төв эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулж 4060 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт, В, С вирусын илрүүлэг шинжилгээнд 40-65 насны 11901 хүнийг буюу зорилтот насны иргэдийн 47,61%-ийг тус тус хамруулснаас 10.88% нь С вирустэй, 7.05% нь В вирустэй байгаа нь илэрч, В вирусын халдваргүй нь тогтоогдсон 2244 иргэнийг дархлаажуулж, 477 иргэнийг вирусын эсрэг эмчилгээнд хамруулсан бөгөөд эмчилгээний үр дүн 98.2%-тай гарсан байна.
2018 онд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлсэн тул 15-40 насны иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, элэгний өвчлөлийн эрт илрүүлэг, үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Улсын хэмжээнд элэгний өвчний улмаас хоногт 7 хүн, жилд 2600 гаруй хүн нас бардаг гэсэн тооцоолол байдаг бөгөөд манай аймгийн хувьд сүүлийн 3 жилийн дотор 200 гаруй хүн энэ өвчний улмаас нас барсан гэсэн тоон баримт байдаг аж. Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байгаа элэгний хорт хавдар, өвчлөлийг бууруулах зорилгоор энэ онд 15-40 насны Аймгийн 37000 гаруй иргэдийг урьдчилан сэргийлэх илрүүлэгт бүрэн хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс аймгийн нэгдсэн эмнэлэгт В, С вирусын идэвхжил тоолох аппаратны хөрөнгийг 2018 оны төсөвт тусгасан байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд С вирусын эсрэг шинэ эмүүдийг улсын бүртгэлд бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлснээс гадна эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх эмүүдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх, зарим нэр төрлийн эмийг үнэ төлбөргүйгээр олгох юм байна. Өвчний эрт үеийн илрүүлэг, шинжилгээнд идэвхитэй хамрагдахыг эрүүл мэндийн газраас уриалж байлаа.