Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ыг өнөөдөр Мөнх-Алдарын талбайд нээлээ. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян” болгон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн. Улсын хэмжээнд 2002 оноос хойш 5900 үйлдвэрлэлийн осол гарч, 6464 хүн өртсөнөөс 3243 нь 18-35 насны залуучууд байна. Тиймээс ажил хөдөлмөр эрхлэх, хийж бүтээх насан дээрээ байгаа залуу үеийнхэндээ чиглэгдсэн, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүйгээр эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх нөхцлөөр хангахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын гол зорилго орших юм.
Энэ удаагийн сарын аяныг манай аймаг ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр “Эрүүл аюулгүй шинэ үеийн төлөө” уриатайгаар эхлүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн мэргэжлийн онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас хэрэглэлтэй оролцсон бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилсан юм. Манай аймагт 2017 оны сүүлийн байдлаар 10 үйлдвэрлэлийн осол гарсан бөгөөд 31 хүн мэргэжлээс шалтгаалах өвчлөлд өртсөн байна. Хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллах тал дээр Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар хороо цаашид хамтран ажиллана гэдгээ энэ үеэр хэлж байлаа.