2017 онд манай аймаг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого-ыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, “Элэг бүтэн-Төв аймагчууд” дэд хөтөлбөр, “Сувилагч” дэд хөтөлбөр, “Эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэндийг дэмжих аймгийн хөтөлбөр”, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Аймгийн төлөвлөгөө, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах Аймгийн төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан Аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд, эрүүл мэндийн салбарынхан хамтран иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн аппарат, техник тоног төхөөрөмж ашиглан чанартай, хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байгаа билээ.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны шинэ хөтөлбөр хэрэгжих гол ажлын жил байсан төдийгүй эрүүл мэндийн салбар тэр дундаа иргэдийн эрүүл мэндэд онцгой анхаарахаар төлөвлөсөн жил байсан бөгөөд эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, авто машины парк шинэчлэл, барилгын засварын ажлын хүрээнд улс орон нутгийн төсвөөс нийт 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Энэ дагуу дэд хөтөлбөрүүд хэрэгжсэнээр тус онд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг өмнөх оныхоос 43,2 хувиар бууруулж, жирэмсний эрт үеийн хяналтыг сайжруулснаар эхийн эндэгдэл гаргалгүй ажиллаж, халдварт өвчний тохиолдлыг өмнөх оноос 33,3 хувиар, амьсгалын замын халдварын тохиолдлыг 58,5 хувиар бууруулан салбарын үндсэн үзүүлэлтийг сайжруулсан үзүүлэлттэй ажиллажээ.
2018 онд “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих аймгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг 8 төрлийн үзлэгт, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, мэдээллийн сан, программ хангамж нэврүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ онд Эрүүл Мэндийн Яам “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлсэн бол аймгийн эрүүл мэндийн салбар “Сахилга, хариуцлага, ёс зүйг эрхэмлэе” уриаг дэвшүүлж эмч, эмнэлгийн мэргэжилтний ёсзүй харилцаа хандлагыг дээшлүүлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллахаар зорилт тавьсан байна.
Эрүүл мэндийн салбарт оюун ухаан, сэтгэл зүтгэлээ зориулан зүтгэж яваа цагаан нөмрөгт баатруудаа энэ өдөр алдаршуулсан юм.
Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Хишигт
Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр хавдрын эмч Ж.Цэрэнпагма, мэс заслын эмч Б.Тогтохбаяр,
Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр дүрс оношилгооны эмч Ц.Рэгзэдмаа, мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч Н.Энхтайван, мэс заслын эмч Д.Дарьсүрэн,
Аймгийн Иргэдийн хурлын “Хүндэт жуух бичиг”-ээр эмгэг судлалын эмч Л.Басхүү, мэдрэлийн эмч Г.Мөнхдалай,
Аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр халдвартын эмч Ё.Мөнх-Эрдэнэ, өрхийн эмч П.Мөнхжаргал
Аймгийн засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр чих хамар хоолойн эмч Б.Амгаланбаяр, Н.Оюун -Эрдэнэ, эм зүйч Э.Цэдэндаш, сэтгэцийн эмч Э.Баярмаа,
Монголын Зүүний хүчний холбооны шагналаар гэмтлийн эмч Ц.Жамъяангарав, мэс заслын эмч Д.Дарьсүрэн,
Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт жуух бичиг”-ээр өрхийн эмч н.Дүүриймаа, өрхийн эмч н.Буяндэлгэр,
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дурсгалын тэмдгээр н.Төгсбаяр
Монголын ахмад эмч нарын холбооны “Хүний төлөө одон”-гоор Монгол Улсын гавъяат эмч Б.Алтангэрэл нар тус тус шагнагдлаа.
Иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих их үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэж эрхэлсэн ажилдаа хамт олноо манлайлсан Мэс заслын тасгийн эрхлэгч эмч Б.Өлзий-Орших, Дотрын тасгийн эрхлэгч, Гастроэнтериологи, дурангийн эмч Ц.Цэрмаа, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Н.Энхтайван, Төрөх тасгийн зөвлөх эмч Б.Дашзэвэг, Хүүхдийн тасгийн эрхлэгч, хүүхдийн эмч Н.Отгончимэг, Дотрын эмч, гемодиализийн эмч Ш.Баярмагнай, Сүрьеэгийн тасгийн зөвлөх эмч О.Оюунтүлхүүр, Амбулатори тасгийн нүдний эмч Ч.Золзаяа, Амбулатори тасгийн мэдрэлийн эмч Ц.Мөнхзул нарыг Улсын их хурлын дарга, Улсын их гишүүн М.Энхболдын үүсгэн байгуулсан “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллагын санаачлага, дэмжлэгтэйгээр Оросын холбооны улсын Улаан-Үд хот руу аялах эрхийн бичгийг гардуулсан юм.