Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сурагчдыг эх хэлээрээ зөв сайхан бичих, ярих, илтгэх, сэтгэх, хэрэглээний бүрэн ур чадвартай болгож, монгол хэл бичгийн сургалтын чанарыг сайжруулах, утга зохиолын дугуйланг хичээллүүлж сурагчдын бүтээлчээр унших чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Төв аймгийн хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Нийтийн номын сан хамтран Монголын хүүхдийн ордон үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга” өсвөрийн яруу найрагчдын наадам, “Уран үгсийн чуулган”-ыг амжилттай зохион байгууллаа.
Утга зохиол, урлагийн их замын түүчээ болсон өсвөрийн яруу найрагчдын наадамд 26 сумын 51 сурагч хоёр насны ангилалд өрсөлдсөн бөгөөд наадмын эхний шатанд сурагчид өөрсдийн дотоод сэтгэлээс амилсан уран үгсийн бүтээлүүдээ өргөн барьсан бол хоёрдугаар шатанд тэнцсэн сурагчдад наадмын шүүгчдийн зүгээс сэдэв өгч тайзан дээр шүлэг зохиох даалгавар өгсний дагуу сурагчид өөрсдийн зохиосон шүлгээ уншиж сонирхуусан юм.
Тус наадмын 6-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд III байрыг Алтанбулаг сумын сурагч Л.Оюунхорол, дэд байрыг Дэлгэрхаан сумын сурагч Д.Сумъяа, Тэргүүн байрыг IV сургуулийн сурагч Ж.Төрмөнх эзэлж өргөмжлөл, “Хүрэл тулга”цомын эзэн болсон бол 10-12 дугаар ангийн сурагчдын ангилалд III байрыг IV сургуулийн сурагч Э.Түмэнхүслэн, дэд байрыг Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Д.Гандолгор, Тэргүүн байрыг Угтаалцайдам сумын сурагч М.Жаргалмаа эзэлж өргөмжлөл, “Хүрэл тулга” цомын эзэн боллоо.