Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарын хүрээнд баримталж байгаа бодлого зорилт, хаврын тариалалтын бэлтгэл явц, хөрс, цаг уурын өөрчлөлт, хаврын тариалалтад баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, чиглэл өгөх зорилгоор Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. 2017 оны газрын нэгдмэл санд хийсэн тооллогын тайлангаар Аймгийн хэмжээнд нийт 306,8 мянган га тариалангийн газартай бөгөөд талбайн ашиглалт 79,4 хувьтай байна. Мөн Аймгийн хэмжээнд 22 суманд 58,3 мянган га Атаршсан газар, 10 сумын 1,2 мянган га атар газар хагалсан талбай, 6 сумын 11,0 мянган га тариалангаас бэлчээрт шилжих талбай, 3 сумын 4,8 мянган га газар бэлчээрээс тариалангийн ангиалалд шилжих талбай байна гэсэн судалгаа гарчээ.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн хувьд энэ жил үр тариаг 89 мянган га.д тариалж 127.810 тонн ургац авахаар, буудайг 78 мянган га.д тариалж 110.760 тонн ургац тус тус авахаар, боловсруулсан уринш 90 мянган га.д хийхээр төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд нийтдээ 14.6 мянган тонн буудайн үр шаардлагатай байгаа. Үүнээс 2.3 мянган тонн үрийн будаа нөөцөнд байгаа бол дээрх үр дүнд хүрч ажиллахад дутагдаж байгаа 12.4 тонн үр, Тариалалтыг хэвийн явуулахад 1.2 мянган тонн шатахуун, Үр ариутгалын бодис 5840 л, тарилтын үеийн гербицид 867 л шаардлагатай байгааг Хүнс хөдөө аж ахуйн газраас уламжиллаа.
Өмнөх жилийн хувьд цаг агаар гандуу байсантай холбоотой зорьсон хэмжээндээ хүртэл ургацаа авч чадаагүй. Тэгвэл энэ жилийн хувьд ургац алдахгүйн тулд нөөцөлсөн чийгийг алдахгүй байх агротехнологийг хэрэглэх мөн тариаланчдад санхүүгийн бэрхшээл байгаа учир нийт эзэмшилт уриншынхаа 10-20 хувьд нь тариалалт хийхийг Хүнс хөдөө аж ахуйн газраас зөвлөсөн юм.