Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги орчин үеийн нөхцөл шаардлагыг иж бүрэн хангасан депогийн шинэ барилгын нээлтээ ёслол төгөлдөр хийлээ. Тус барилгыг анх 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар шийдвэрлэн, шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүлсэн боловч хөрөнгийн асуудлаас болж хугацаа хойшлогдож байжээ.
Тус ангийн энэхүү шинэ барилга 20 автомашины гарааж, ажлын өрөөнүүд, бялдаржуулах танхим, хурлын заал болон 8 айлын орон сууц бүхий иж бүрэн цогцолбор бөгөөд барилгын гадна талбайн тохижилтыг тус газрын алба хаагчид өөрсдөө бүтээн байгуулсан байна. Шинэ байрны нээлтэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Хошууч генерал Т.Бадрал, Дэд дарга Ц.Ганзориг, Аймгийн Онцгой байдлын газрын дарга Н.Төмөрбаатар, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон Аймгийн төрийн байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Мөн энэ үеэр эх орныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан зарим албан хаагчдад цол тэмдэг гардуулсан юм.
Үүнд: “Цэргийн хүндэт тэмдэг”-ээр Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Б.Энхтөр, “Шударга журам” медалиар ахмад Ц.Баярхүү, хугацааны өмнө “Ахлах дэслэгч” цолоор дэслэгч А.Бэх-Очир, салаан захирагч, дэслэгч З.Билгүүн, офицерийн бүрэлдэхүүнд орж дэслэгч цолоор ахлах ахлагч н.Энхбаатар, Аймгийн хүндэт тэмдгээр ахлах дэслэгч Д.Эрдэнэчулуун, ахлах ахлагч Я.Дэлгэржаргал, Аймгийн хүндэт жуух бичгээр ахлах дэслэгч Л.Нямдаваа, Онцгой байдлын албаны I зэргийн тэмдгээр 2 алба хаагч, II зэргийн тэмдгээр 6 алба хаагч, сайшаалын үнэмлэхээр 2 алба хаагчдыг тус тус шагналаа. Ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө сэтгэлээ чилээж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэдэг Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ая тухтай орчинд ажиллаж, үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдаж байна.


