Төв аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагуудад гарсан Төрийн жинхэнэ албан тушаалын нийт 27 /дэс 5, туслах 22/ сул орон тоог мэргэшлийн шалгалтаар нөхөх ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Шалгалтын бүртгэлийг 2018 оны 03 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд хийж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан мэргэшлийн шалгалт өгөх журмын дагуу тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, мөн зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 135 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу орон нутгийн бүртгэлтэй иргэдийн баримт бичгийг нүдээр үзэж, нягтлан шалгаад нийт 79 иргэн /дэс түшмэл 30, туслах түшмэл 49/ бүртгэсэн.
Салбар зөвлөл, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах Салбар комиссоос 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 цагт бүртгүүлэгч нарт сургалт хийж, зөвлөмж зааварчилгаа өгсөн. Үүнд биеэр 20 иргэн ирсэн нь нийт бүртгүүлэгчдийн 25.32 хувийг эзэлж байна. Үлдсэн хэсэг нь Төв аймгийн www.tov.gov.mn цахим хуудасны ТАЗСЗ цэснээс шаардлагатай мэдээллээ авсан.
Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 3 ээлжээр авахаар төлөвлөж, эхний хоёр ээлжийн 08.00-10:30 цагийн хооронд авсан. Шалгалтын Төв комисс байрлах хэсэгт 11:00-14.30 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийгдсэн тул гуравдугаар ээлжийн шалгалтыг 14:30-15:00 цагийн хооронд авлаа.
Нийт бүртгүүлсэн 79 иргэнээс 2 нь тодорхойгүй шалтгаанаар шалгалтад оролцоогүй. Ирц 97.46 хувьтай байв.

Цахим шалгалтууд /Сорил, Монгол Хэлбичиг болон албан хэрэг хөтлөлт, Мэдээллийн технологи/-ын дүнгийн үзүүлэлтээр 20 иргэн тэнцэж, ярилцлагын шалгалтад мөн өдрийн 18:30-20:30 цагийн хооронд орж, нийлбэр дүнгээр 60-аас дээш оноо авч төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцлээ.
Шалгалтын үр дүнгээс үзэхэд нийт зарлагдсан 27 ажлын байрны 10 буюу 37.03 хувь нь нөхөгдөх боломжтой байна.
Харин нийт оролцогчдын 25.87 хувь нь тэнцсэн нь өмнөх шалгалтын дүнтэй харьцуулахад 0.66 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Шалгалтын дүнгээр иргэн бүртгүүлээгүй болон тэнцээгүй улмаас сул үлдсэн 17 ажлын байрыг нөөцөөс нөхөх, улмаар төрийн албаны мэргэшлийн шалгалтаар нөхөх саналыг Төв комисст уламжиллаа.
